Э.Бат-Үүл: Худал мэдээллээр гүжирдэж байна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Сайн хашаа”, “Сайн оюутан” зэрэг хөтөлбөрийг зогсоосон. Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Дээрхи хоёр асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга асан З.Энхболд, Хотын захирагч асан Э.Бат-Үүл нар мэдээлэл хийлээ. Тэд "Сайн" хөтөлбөрийг зогсоосон нь буруу гэсэн бөгөөд Сангийн сайд Б.Чойжилсүрэнг худал мэдээллээр гүжирдсэн хэмээн мэдэгдэв.
Ардчилсан намын дарга асан З.Энхболд “Улсын төсвийн алдагдал оны эцэст 5 их наяд төгрөгт хүрнэ гэсэн байна. Манай улсын төсвийн нийт орлого чинь 7 их наяд төгрөг шүү Тэгэхээр улсын төсвийн орлого 70 хувиар тасарна гэдэг бол энэ улсад татвар төлөх компани огт үлдэхгүй гэсэн үг. Тэгэхээр ийм зүйл хэзээ ч болохгүй. Монгол банкнаас гаргасан тайлан, мэдээлэл Монголчуудад ил тод байгаа. Гэтэл үгүй юм шиг ярих юм” хэмээв.
Харин Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “ Манай улсын өр зээл 25.6 тэрбум долларт хүрсэн байна гэнэ. Төр засагт ийм өр байхгүй. Бусад улс ДНБ-ээсээ 200 –аас бүр хэд дахин их өртэй байдаг. Манайх ийм их өргүй. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн талаар буруу мэдээлэл өгч хорлож байгааг ойлгохгүй байна. Худал мэдээлэл тарааж улайм цайм гүжирдэж байна” хэмээн ярилаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ