Эдийн засгийн хямралд АН буруугүй гэв

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Сайн хашаа”, “Сайн оюутан” зэрэг хөтөлбөрийг зогсоосон. Мөн Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Дээрхи хоёр асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга асан З.Энхболд, Хотын захирагч асан Э.Бат-Үүл нар мэдээлэл хийлээ. Тэд "Сайн" хөтөлбөрийг зогсоосон нь буруу гэсэн бөгөөд Сангийн сайд Б.Чойжилсүрэнг худал мэдээллээр гүжирдсэн хэмээн мэдэгдэв.
Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ сарын 9-нд мэдээлэл хийсэн. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тасралтгүй унаж, 2012 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засаг энэ оны эцэст 1,3 хувьтай гарахаар байгааг мэдэгдсэн.
Дээрхи мэдэгдлийг Ардчилсан намын дарга асан З.Энхболд үгүйсгэж “Улсын төсвийн алдагдал оны эцэст 5 их наяд төгрөгт хүрнэ гэсэн байна. Манай улсын төсвийн нийт орлого 7 их наяд төгрөг. Тэгэхээр улсын төсвийн орлого 70 хувиар тасарна гэдэг бол энэ улсад татвар төлөх компани огт үлдэхгүй гэсэн үг. Тэгэхээр ийм зүйл хэзээ ч болохгүй. Монгол банкнаас гаргасан тайлан, мэдээлэл Монголчуудад ил тод байгаа. Манай улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байдаг . Сүүлийн дөрвөн жил тэгж явж байгаа. Гэтэл үгүй юм шиг ярих юм” хэмээв.
Мөн өчигдөр Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа” хөтөлбөрийг зогсоох шийдвэр гаргасан. Үүнийг буруу гэж үзэж буйгаа Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл хэллээ.
Тэрбээр “Гэр хорооллын иргэдийн ганц итгэл найдвар болсон “Сайн хашаа” хөтөлбөрийг зогсооно гэдэг буруу. Энэ хөтөлбөр хэрэгжиснээр утаагүй, хөрсний бохирдолгүй болохоос илүү уул уурхайн уналтын үед гэр хорооллын бүтээн байгуулалт манай эдийн засгийг өсөлт рүү явуулах юм. Улсын төсөв, “Сайн” хөтөлбөр хоорондоо ямар ч холбоогүй. Улсын төсөв гэдэг бол буцаж төлөгдөггүй. “Сайн” хөтөлбөрийн хүрээнд олгосон зээл бол бүгд буцаж төлөгдөнө. Тэгэхээр улсын төсөвтэй холих ямар ч хуулийн үндэслэл байхгүй. Ардчилсан намыг харлуулахын тулд улс төрийн зорилгоор ард иргэдийг ингэж хохироож байгаа нь буруу. Үүнийг зогсоож болохгүй. Ард иргэд “Сайн” хашаа хөтөлбөрийн төлөө тэмцэх хэрэгтэй” хэмээв.
Тус хөтөлбөрт нийт нэг их наяд төгрөг төсөвлөж 553.8 тэрбумыг нь олгосон тухай мэдээлэл байгаа. Энэ талаар тодруулахад “Сайн” хөтөлбөрүүдэд маш бага мөнгө зарцуулахаар байсан хэмээн ярилаа.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл “Манай улсын өр зээл 25.6 их наяд төгрөгт хүрсэн байна гэнэ. Төр засагт ийм өр байхгүй. Бусад улс ДНБ-ээсээ 200 - аас бүр хэд дахин их өртэй байдаг. Манайх ийм их өргүй. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийн талаар буруу мэдээлэл өгч хорлож байгааг ойлгохгүй байна. Худал мэдээлэл тарааж улайм цайм гүжирдэж байна. Манай улсын эдийн засаг дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнээс болж хямарч байгаа болохоос биш Ардчилсан намын муу үйл ажиллагаанаас болоогүй юм. 1990 онооос хойш МАН үнэмлэхүй ялсныхаа дараа үргэлж ийм үйлдэл хийсээр ирсэн. МАН 1992 онд төсвийн бүх хөрөнгийг өөрсдийн бизнес болгох үйл ажиллагааг явуулсан. 2000 онд үнэмлэхүй ялаад мөн л ийм үйл ажиллагаа явуулсан. Одоо ч явуулж байна. МАН, нэг юмыг ойлгох хэрэгтэй УИХ-ын гишүүдийн хэн нь ч сонгогчдоос олонхийн санал аваагүй” хэмээв.
Хурлын төгсгөлд З.Энхболд “Ямар ч байсан биднийг засаж залруулах аргагүй хүнд байдалд шинэ Сангийн сайд, шинэ “Монгол банк”- ны захирал хоёр оруулчихлаа. Гэхдээ Б.Чойжилсүрэн маш хурдан алдаагаа засаж, мэдээллээ үнэн зөвөөр хүргэх хэрэгтэй. Ингэж улс эх орныхоо эдийн засгаар тоглож болохгүй” хэмээлээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ