Нагац эмээ Ж.Оюун: Д.Сумъяа 15 настайдаа 120 литрийн савтай усыг өргөөд явчихдаг байсан

25 настай монгол охин “Риогийн тэнгэрт эх орныхоо тугийг мандуулж, монголчуудын магнайгтэнийлгэж зуны олимпоос мөнгөн медаль хүртсэн гэрэлтэй өдрүүд үргэлжилж байна. Монгол Улсын гавъяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагаар монголчууд төдийгүй дэлхий нийт бахархаж сууна. Цэнгэлийн манлай болсон хүн төрөлхтний олимпийн наадам болж буй эдгээр өдрүүдэд монголчууд тамирчдынхаа захыг мушгин, залбирч суугаа билээ Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн аав, ээж өдгөө Увс аймгийн Баруунтуруун суманд суугаа.Тиймээс бид Д.Сумъяагийн нагац эмээ Ж.Оюунтай уулзаж баярласан сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Д.Сумъяа олимпийн медалийн салхийг хагалж мөнгөн медаль хүртлээ. Баярт мэдээ хүлээн авсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Маш их баяртай байна. Өөрөө олимпийн медаль зүүсэн мэт л хөөрч, догдолж сууна. Сумъяагийн бүх барилдааныг үзсэн. Сүүлийн барилдаан дээр бороо ороод зурагт гарахгүй хүүгийндээ орох гэж явсаар байтал дуусчихсан байсан. Манайх Өлзийт хороонд амьдардаг юм. Тэгээд медаль авсныг нь сонсоод Д.Сумъяагийн аав, ээж гээд бүх хамаатан садан руугаа утасдсан даа. Нулимс гараад, хоолой зангираад л ярьсан. А.Доржсүрэнгийн утас зогсоо зайгүй дуугарч, хүмүүс баяр хүргэж байна гэж байна лээ. Ямарсайндаа Монгол Улс нойргүй хонож байхад яахаараа унтаж байдгийн гэж хавь ойрынхоо бүх хамаатан садныг сэрээсэн хүн дээ би. /инээв/. Мэдээж баярын нулимс гаралгүй яахав. Д.Сумъяа маань алт, мөнгөн медаль олноор нь авчрах хаалгыг хүчтэй, томоор нээлээ гэж баярлацгааж байгаа. Д.Сумъяаг барилдах үед ойр хавийн бүх айл гэрэлтэй байхыг хараад монголчууд охиныг минь бүгд дэмжиж байгаа юм байна даа гэж бодоод маш их баярласан. Бид төдийгүй монголчууд нойргүй хонолоо шүү дээ.
-Аав, ээж нь нутагтаа байна гэсэн. Өөрөө ч бөхийн удамтай учраас монголчуудын итгэлийг алдахгүй сайхан барилдлаа?
-Д.Сумъяагийн авга өвөө нь Манкай гэж сумын Ерөнхий нарийн бичгийн дарга болон төр захиргааны байгууллагад олон жил ажилласан, үндэсний бөхөөр барилддаг хүн бий. Эмээ нь Гүнжээ гээд сайхан буурал байгаа. Өдгөө 80, 90 нас давсан хоёр буурал зээ охиныхоо баярыг хуваалцаад сууж байна. Аав, ээж нь хоёулаа тэшүүрийн спортоор хичээллэдэг байсан. Тэр дундаа аав нь цанын спортоор мөн Баруунтуруунынхаа Соёлын ордонд сайн дурын уран сайханч бүжигчин байлаа. Эднийх гэр бүлээрээ маш авъяаслаг, ажилсаг айл. Доржсүрэн ч бөхөд сонирхолтой, хайртай, бөхийн спортоор хичээллэдэг нэгэн. Ээжийн талынхан ч улс оронд нэр нь гараагүй ч аймаг,сумандаа барилддаг бөхөд сонирхолтой хүмүүс бий.
-Та Д.Сумъяаг сайн мэдэх хүний нэг. Багадаа ямархуу хүүхэд байв?
-Манай Сумъяа багаасаа л ажилсаг, чийрэг охин байсан. Эхэлсэн ажлаа заавал дуусгана. Мөн багаасаа спортод сонирхолтой хүүхэд байлаа. Дунд сургуульд байхаасаа л спортын олон төрлөөр тоолж барамгүй олон медаль хүртсэн. Багаасаа л аливаа ажилд чадварлаг, мэрийлттэй хүүхэд байсан. Аав нь их ажилсаг. Ганц ч удаа өвчин зовлон хэлж, ажлаас хойш сууж байсангүй. Хүүхдүүдтэйгээ хамжаад тоосгыг машинд ачиж, зөөж буулгаад байшингаа барьчихна. Тэр үед Д.Сумъяа 15-16 настай байсан. 120 литрийн цэнхэр савтай усыг хүний гар харахгүй өргөчихнө. Бид хараад “Хүүе, эмэгтэй хүүхэд болж байгаа юм уу” гэхээр “Зүгээр” гээд л огт түүртэхгүй, тоосон шинжгүй өргөөд явчихна. Байшин барихаас эхлээд хар бор ажил гэлтгүй залхуурахгүй, ачаалал гэж хүлээж авахгүйгээр ажилчихдаг гэж аав нь хэлж байсан.
Багаасаа спортоор хичээллэж эхэлсэн юм билээ. Гэр бүлийнхэн нь ч сайхан дэмжиж иржээ?
-Бид Д.Сумъяадаа чадахаараа урам хайрлаж, дэмжиж ирсэн. Өөрөө ч их махруу, хөдөлмөрч хүүхэд. Х.Эрдэнэт-Од багш Д.Сумъяаг “Монгол охид” клубэд хичээллэдэг байхад нь шавиа болгосон. Хийх ёстой дасгал сургуулилтаасаа илүү гарна уу гэхээс дутуу хичээллэнэ гэж байхгүй. Энэ хөдөлмөр нь амжилт авчирсан байх. Цаашид ч илүү их амжилт гаргана гэж итгэж байгаа. Тийм хүч ч бий. Сумъяа маань таван дүүтэй хүн учраас багаасаа бие даасан мундаг хүүхэд дээ. Д.Сумъяа энэ сарын 19-нд ирнэ гэсэн. Тэр үеэр бүгд тосч авч баяр хүргэнэ дээ. Гэр бүлийнхэн нь ч удахгүй нутгаасаа ирнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ