Ж.Эрдэнэбат: Бид хүнээ ажилтай болгох бодлого баримтална

Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол улсын төсөв санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа талаар мэдээлэл хийсэн. Түүний энэхүү мэдээллийг АН-ын дарга асан З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар үгүйсгэн худал мэдээллээр гүжирдэж буй тухай хариу мэдээлэл хийн маргаан үүсээд байсан юм. Энэ асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Төрийн ордны “Иргэний танхим”-д мэдээлэл хийлээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт учрах хохирол нь маш их. Тийм учраас бид эхний ээлжинд тоогоо үнэн зөв, бодитой болгоё гэсэн. Бид цаашид эдийн засгаа эрүүлжүүлэх эмчилгээ хийнэ" хэмээв.
Мөн тэрбээр “Анх ажил авсныхаа дараа бид эхний ээлжинд эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй гэдгээ хэлж байсан. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчмаас хазайх эрх байхгүй. Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их орлоо. Манай Засгийн газрын хувьд явуулах үйл ажиллагаагаа хоёр үе шатанд хувааж үзнэ.Эхний үе 12-18 сар- Макро эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх, хоёрдугаар үе Эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэж үзэж байна. Манай улсад нэг хүндрэл байгаа нь маш сайхан зүйл ярьдаг ч огт хийдэггүй. Өнөөдрийн жишээгээр гэхэд Улаанбаатар хотыг тойрсон 5-6 эрчим хүчний төсөл байна. Тэднээс нэгийг нь хэрэгжүүлэхэд л Улаанбаатар хотыг бүхэлд нь хангах эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой. Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг хийж байна. Цаашид төсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх нөхцөл ажиглагдаж байна. Тиймээс бид УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан байгаа. Ээлжит бус чуулганаар төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ. Манайд улсын хувьд бэлэн болсон ТЭЗҮ-тэй бүтээн байгуулалтын ажил алга байна. Тэгэхээр цаашид ТЭЗҮ боловсруулах, эх үүсвэр олох ажлыг МУ-ын Засгийн газар хийнэ” хэмээн ярилаа.
Хэвлэлийн хурлын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Төсвийн тодотголын талаар мэдээлэл өгнө үү?
-Төсвийн тодотголыг боловсруулж байгаа. Удахгүй бид өргөн барина. Шаардлагатай зардлыг бууруулах, зарим нэг үйл ажиллагааг хойшлуулахаар төлөвлөж байна.
-Стэндбай хөтөлбөрт хамрагдах уу?
-Олон улсын валютын сан жил бүр улс орнуудын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгдөг. ОУВС-ийн ажлын хэсэг маргааш Монголд ирнэ. Тэд манай улсын эдийн засагт үнэлэлт дүгнэлт өгөх байх. Бид тэдэнтэй хамтран ажиллана. Өмнө нь бид Дэлхийн банктай хамтран ажиллаж л байсан.
-Өмнө нь хийсэн ТЭЗҮ-ийн талаар мэдээлэл байна уу?
-Зарим нэг ТЭЗҮ байна. Жишээ нь V цахилгаан станц. Газар байхгүй, нэг мкв-ийг хэдээр үнэлэх нь тодорхойгүй. Хоёрдугаарт Тавантолгой-Гашуун сухайтын төмөр зам байгаа ч Хятадын талын төмөр замтай зөрсөн байгаа. Хийгдсэн ТЭЗҮ нь ийм байна.
-Дотоодын баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжих вэ? Хүүхдийн мөнгө болон оюутны 70 мянгын талаар мэдээлэл өгнө үү?
-Дотоодын баялаг бүтээгчдийг дэмжих эхний шийдвэрийг Засгийн газар гаргаж эхэлсэн. Үндэсний үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийг татварын хөнгөлөлтөд хамруулах хуулийн төслийг өргөн барина. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд хаалгаа барьсан шалтгаан бол татвараа төлж чадаагүйтэй холбоотой. Тиймээс энэ нөхцөл байдлыг залруулах үүднээс Сангийн сайдад үүрэг өгсөн. Хувийн аж ахуйн нэгжүүдэд төрөөс очих дарамтыг бууруулах тал дээр ажиллана. Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгад улс төрийн хүчин аль аль талаасаа шүүмжлэлтэй ханддаг. Бид аль болох хүнээ ажилтай болгох бодлогыг баримтална. Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ очих ёстой.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ