Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Сангийн сайдын эдийн засаг, төсөв санхүүгийн асуудлаар хийсэн мэдээллийн дараа улс төрч, эдийн засагч, судлаачдын хүрээнд нэлээдгүй маргаан өрнөлөө. Мэдээллийг үнэн бодитой хүргэнэ гэдэг цаашдын ажлаа төлөвлөхөд тустай. Статистикаа буруу тодорхойлох бол эргээд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд муу.
Анх ажил авсныхаа дараа бид эхний ээлжинд эдийн засгийн нөхцөл байдлаа тодорхойлох хэрэгтэй гэдгээ хэлсэн. Улс орон бүр нэг л төсөвтэй байх ёстой гэсэн дэлхий нийтийн зарчмаас хазайх эрх байхгүй. Тийм учраас бүх төсвүүдээ нэгтгэх үйл ажиллагаанд цаг хугацаа их орлоо.
Манай Засгийн газрын хувьд явуулах үйл ажиллагаагаа хоёр үе шатанд хувааж үзнэ. Нэгдүгээрт, 12-18 сар- Макро эдийн засгаа тогтворжуулах, төсвөө эрүүлжүүлэх, Хоёрдугаарт, Эдийн засгаа дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэж үзэж байна.
Төсвийн бодлогыг сайжруулах хүрээнд бүх төсвийг нэгтгэх ажлыг хийж байна. Цаашидтөсвийн тодотгол хийхгүй бол оны төгсгөлд алдагдал нь ДНБ-ний 21.6 хувь дээр ирэх нөхцөл ажиглагдаж байна.
Тиймээс бид УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт тавьсан байгаа. Ээлжит бус чуулганаар төсвийнхөө асуудлыг зөв голдрилд оруулах боломж бүрдэнэ.
Эдийн засгийн нөхцөл байдал нэлээн хүндхэн байгааг хүн бүр мэдэж байгаа. Бид худлаа хэлээд хэрэггүй, өөрсдийгөө хуураад явах нь хэнд ашигтай вэ. Хэзээ ч бид гадны хөрөнгө оруулагчдыг хуурч чадахгүй. Аливаа тоон мэдээллийг засаж залруулснаар эдийн засагт хохирол учирна". гэв. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Бид аль болох хүнээ ажилтай байлгах бодлогыг баримтална. Халамжийн бодлогын хувьд зорилтот бүлэгтээ л очих ёстой. Хүүгийн зардалд Монгол Улс энэ жил 981 тэрбум төгрөг зарцуулна. Ирэх жил 1.6 их наяд төгрөг зарцуулна. Бид авсан зээлийнхээ хүүнд жил бүр 900 цэцэрлэг барих мөнгө төлнө гэсэн үг. Ард иргэдээ аль болох ажилтай байлгахыг хичээж байгаа. Гэхдээ тодорхой салбарт цалин бууруулна” гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn