Ц.Жаргалантуул: Дүрэмт хувцсыг нэгдсэн журмаар тараахгүй

img

2016-2017 оны хичээлийн жилд зургаан настнуудыг хэрхэн бүртгэх талаар Нийслэлийн боловсролын газрын сургалт хариуцсан хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.

 

 

-Зургаан настнуудын бүртгэл хэзээнээс эхлэх вэ?

 

-Энэ хичээлийн жилд шинээр сургуульд элсэх 27600 хүүхэд бий. Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг энэ сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулна.  Хамран сургах тойргийн хүүхдээ сургуулиуд ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй бүртгэнэ.

 

-Энэ хичээлийн жилд хэдэн оны хүүхдүүдийг элсүүлэх билээ?

 

-2010 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн бүх хүүхэд сургуульд орно.  Харин 5 настай буюу 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.  Мэдээж сургуулийн насны буюу зургаан настай хүүхдүүдийг бол 100 хувь элсүүлэх ёстой. Тийм учраас хамран сургах тойргийнхоо хүүхдийг ямартай ч бүгдийг нь бүртгэж байгаа. Бид гурван ээлжээр ч болсон хичээллүүлж хүүхдийг сургуульд хамруулах ажил хийж байгаа.

 

-Нэгдүгээр ангийн сурагчид дүрэмт хувцсаа хаанаас авах вэ?

 

-Нийслэлийн боловсролын газраас баталсан дүрэмт хувцсыг улсын хэмжээнд хэрэглэнэ. Сурагчийн дүрэмт хувцсыг 9 компанитай гэрээ байгуулсан. Тухайн үйлдвэрлэгч компаниуд дүүргүүдэд бөөгнүүлж, сургууль дээр очин танилцуулах юм. Тухайлбал, Хан-Уул дүүрэг гэхэд Соёлын төв дээр нэгтгэн тэнд байгаа 5-6 сургуулийн эцэг эхчүүд ирээд авах боломжтой. Ийм байдлаар арга хэмжээ зохион байгуулна. Нэгдсэн байдлаар тарааж өгнө гэсэн ойлголт байхгүй.

 

-Элсэгчийн бүрдүүлэх материалын тухайд?

 

-Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг зэргийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн шаардлагатай тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

 

-Ямар тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шалгах вэ?

 

-Зургаан настнуудыг сургуульд элсүүлэх зөвлөмжийг өнгөрсөн хавар гаргасан. Энэ зөвлөмжийн дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардлагатай тохиолдол шалгахаар болсон. Учир нь гэвэл , 1, 23, 18 зэрэг нийслэлийн эрэлт өндөртэй сургуульд эцэг эхчүүд хүүхдээ элсүүлэх хүсэл сонирхолтой байдаг. Улмаар зохиомол байдлаар хорооны шилжилт хөдөлгөөн хийлгэж хүүхдээ элсүүлдэг бөгөөд тухайн сургуулиудын элсэлтийн тоо хэмжээ маш ихээр нэмэгддэг. Энэ нь сүүлдээ бизнесийн хандлагатай болж эхэлсэн учраас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шалгана гэж байгаа юм. Үндсэндээ хорооны судалгаагаар тухайн хүний орших суух хаяг, байр, байшингийн гэрчилгээ өөрийнх мөн эсэхийг шалгана гэсэн үг. Гэхдээ зайлшгүй тохиолдолд буюу эрэлт ихтэй сургуульд элсэгчээс дээрхи гэрчилгээг шаардах юм.

 

-Нийслэлд түр оршин суудаг иргэн цөөнгүй бий. Эдгээр иргэнээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ шаардах уу?

 

-Ер нь бол түр оршин сууж байгаа хүмүүс шилжилт хөдөлгөөнөө нэг мөр болгох хэрэгтэй. Нийслэлд амьдрах гэж байгаа бол асуудлаа шийдээд л явах нь зөв. Гэхдээ түр оршин суугч гээд хүүхдийг нь сургуульгүй орхихгүй.  Тэгэхээр ухайн иргэн заавал БЗД, СХД-ийн түр оршин сууж байгаа гээд эрэлт ихтэй, анги танхимын хүрэлцээ муу сургуульд хүүхдээ бүртгүүлэх гээд байж болохгүй. Ийм асуудал Нийслэлийн 5-6 сургууль дээр гараад байгаа учраас  үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь харж байгаа юм.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Чингэлтэйн шинэ эцэст 0.07 га газар зарна. 89630750
2016-08-19