Ээлжит бус чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт өгсөн АН-ын санал дүгнэлтийг АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулав.
С.Эрдэнэ: Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын олныг цочирдуулсан мэдэгдэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа учраас тэдэнд хариуцлага тооцохыг манай намын бүлэг шаардаж байна. Хууль тогтоомжийг ноцтой зөрчиж байгаа Мэргэжлийн Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг УИХ хаацайлж, хамгаалах шаардлагагүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараа 24 цагийн дотор Чингис бондын өгөөж 5.4 хувиар, үнэ нь 98.26 хувиас 97.87 хувь болж огцом буурлаа. Сангийн сайдын мэдэгдлийн дараа бондын өгөөж 42 хувиар, бондын үнэ 97.62-оос 94.50 хувь болтлоо огцом буурсан байна. Мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050-иас 2250 болж, 200 гаруй төгрөгөөр огцом суларч, улс орны нийгэм, эдийн засагт ноцтой хохирол учруулсаныг УИХ-ын индэр дээрээс эрх баригчдад анхааруулж байна.
2016 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр бусад хуулийн төслүүд нь ард иргэд, бизнес эрхлэгч, төрийн албан хаагчил, оюутан залуусын эрх ашгийг үл хүндэтгэсэн, МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй зөрчилдсөн, эдийн засгийг улам сөхрүүлэх төсөл болжээ.
МАН сонгогч олны өмнө авсан амлалтуудаасаа увайгүйгээр ухарч байгаад харамсаж байна. Эрх баригчид одоогийн хариуцлагагүй хууль бус үйлдлээ хаацайлах арга замаа өмнөх Засгийн газраа муучлах, сөрөг хүчнээ гүтгэх, ололт амжилт бүхнийг харлуулах алхам хийж байгаагаа нэн даруй зогсоож, хуулийн хүрээнд хариуцлагатай ажиллахыг манай намын бүлэг шаардаж байна.
Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариултаа авч байна.
В.Бат