Их спортод улстөржилт бус шинэчлэл хэрэгтэй

img


Бразилийн Рио Де Женейро хотноо зуны олимпийн ХХХI  наадам өндөрлөөд  тав хонож байна. Дэлхийд алдраа дуурсгасан тамирчид нутаг нутгийн зүг мордож, эх орон нь  амжилт гаргасан хүү, охиноо алга дэлгэн хүлээн авч хүндэтгэл үзүүлж буй энэ цаг үед Монгол Улсын тухайд алдаа, оноогоо хэлэлцэх ёстой санагдана.  


 
Олимпоос нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн нь их юм гээд баг тамирчдад  хариуцлага тооцохгүй  өнгөрч болохгүй. Монголын төр олимпод оролцсон баг тамирчдыг чадлаараа дэмжсэн. Их спортод зөвхөн жүдо, чөлөөт, буудлага, бокс гэсэн дөрөвхөн төрөл байдаг юм шиг л  байгаа жаахан төсвийнхөө 80 хувийг тэдний бэлтгэл сургуулилтад зарцуулж,  боломжтой бүхий л улс оронд бэлтгэл сургуулилтыг нь  хийлгэсэн.   Хамгийн сүүлд Рио явахдаа хүртэл тусгай тогоочтой явж, олимпийн хотхонд  бэлтгэлд гарч,  тэдний үйлчилгээнд зориулж автобус хүртэл захиалсан гэнэ лээ.  Бусад спортын төрлийн тухайд ийм хангамж эдэлдэг гэж дуулдаагүй.  


 
Ингэж хэлэхээр дэлхийн улс орнуудын дэргэд монголчууд инээдтэй л гэх байх.  Бэлтгэл сургуулилтын нөхцлийн тухайд тиймхэн байж мэдэх ч заалны спортын хувьд хурдныхан шиг  элдэв  техник хэрэгсэл, бэлтгэлийн талбай шаардлагатай байдаггүй юм билээ. Заал, дэвжээ байхад л болоод явчихдаг аж.  Цана тэшүүрийнхэн шиг дүн өвлийн хүйтнээр хөндийн жаварт иртүүзнээс өөр өмсгөлгүй бэлтгэл хийж, уралддаг бол  аваргууд яах бол.  Харин тэдэнд тэр бүр гадагшаа явж бэлтгэл хийх мөнгө  олдоггүй, талбайн гадна талд үлдсээр ирсэн байдаг.  


 
Ирэх өвөл  Азийн тоглолт болно, 2018 онд өвлийн  олимп болно. Цана тэшүүрийнхэн мөнөөх л Туул голоо тойрч  цардмал зам дээр гүйсэн хэвээр.  Эдүгээ улсын данс улайсан нөхцөлд тэдний бэлтгэл сургуулилт цааш яаж үргэлжлэхийг бурхан л мэдэх хэрэг байх. Өвлийн  спортын битүү дээвэртэй ордонтой болох асуудал ирэх дөрвөн жилд лав лөөлөө болж байгаа  сурагтай. Ирэх  арваннэгдүгээр сараас дэлхийн цомын төлөөх цуврал тэмцээнүүд зохион байгуулагдана.  Эрх биш яаж ийж байгаад нэгд нь ч болов явуулах л байх.


 
Харин дээр дурдсан  дөрвөн төрлийн хувьд дэлхийн хэмжээнд зохион байгуулагдсаар ирсэн уралдаан тэмцээнд явсаар оролцсоор  ирсэн. Аваргууд ч төрж байсныг үгүйсгэх аргагүй. Олимпийн эрхийн төлөөх  цуврал тэмцээнд оролцож эрхээ авах нь зүй ёсных хэдий ч олимпийн дэвжээнээ аваргын титмээ хамгаалж  чадсангүй шүү дээ.  Бөхийн орон хэмээгддэг атлаа Африкийн бөхийн мэхний  аяст хөтлөгдөж байгаа хүнийг үндэсний шигшээ багийн тамирчин гэж хэлэхэд даанч харамсмаар санагдсаныг нуух юун.


 
Дөрвөн удаа хөлдөө оруулж, алдчихаад ялагдаж  байгаа тамирчинд  байдгаа барьж, амжилт хүсч байсандаа уур хүрч сууна.  Яах ч аргагүй  нөхцлөөс  ялагдаж буйг нь ойлгож хүлээж авах чадал монголчуудад бий.  Түүнтэй ижил  эрдэж бардаад ялагдаж буй тамирчинд хатуу сануулга  өгөх эрх нь ч бас  байх ёстой.  Үнэнийг хэлэхэд,  Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид хийгээд дасгалжуулагч нарын  байгаа байдал нэг биш ээ.  Спорт мэдэхгүй, спортоор хичээллэдэггүй хөндлөнгийн  хүмүүст ингэж л  харагдаж байна.  Спортын  шинжлэх ухаан  өдрөөс өдөрт хөгжиж буй энэ цаг үеийн хаагуур манай тамирчид явдаг юм бол.  


 
Гартаа, цээжиндээ бяртай бол хол явдаг байсан тэр үе эдүгээ хоцрогдсоныг  дасгалжуулагч нар мэдэхгүй  байна  үгүй байлтай.  Бярны цаана тархи нь сийрэг байж гэмээнэ амжилтад хүрдгийг дэлхийн олон тамирчин амжилтаараа бидэнд харуулсан, барилдаанаараа ч  нотолсон. Энэ нь мэдээж тактик.  Харин монголчуудад тактик алга. Дасгалжуулагч нар нь арай тактик хэрэггүй, бяраа гарга гэдэг юм биш байгаа.  Нэгэн цагт бид  Хятад, Солонгос, Японыг өвс идэж ус уудаг  малтай жишдэг байлаа.


 
Одоо эдгээр орны тамирчид дэлхийг амжилтаараа   дагуулах боллоо.  Тэдний амжилтад нууцсаад байх зүйл үгүй. Ердөө  хувь хүний хичээл зүтгэл, сахилга бат,  сэтгэлийн тэнхээ.  Дээр нь багш дасгалжуулагч нар нь спортын шинжлэх ухааны ололт бүрийг нутагшуулж, өөрийн болгож чадаж буй байдал. Тамирчин, дасгалжуулагч хоёрын  өөрийн болгох ёстой эдгээр хичээлийг үл тоосны гайг Риогийн олимп харууллаа.  Шулуухан хэлэхэд,  эдүгээ ажиллаж байгаа  шигшээ багийн дасгалжуулагч нарын хэд нь номын дуу сонссон, мэргэжлийн дипломтой вэ гэх тухайд эргэж харах цаг болж.  


 
О.Балжинням аварга,  З.Дүвчин нарын тухайд  өөрсдөө нэгэн цагт  барилдаж явсан болохоос  хүний биеийн  бүтцийг  нарийн судалж, спортын шинжлэх ухааны ололтыг монгол хүний, монгол тамирчны биеийн онцлогт хэрхэн нөлөөлж болохыг мэдэх дасгалжуулагч нар мөн   эсэх  нь эргэлзээтэй.  Нөгөөтэйгүүр, энэ салбарын гал тогоог алсын зайнаас улстөрчид удирдаад ирэхээр юу болдгийг нь бид харж сууна.  Төр солигдох бүрийд  эрх барьж буй нам нь өөрийн хүнээ  спортын салбарт тавьдаг. Өнөөх нь  ирсэн даруйдаа өөрийн хүмүүсээр баг бүрдүүлж бужигнуулдаг нь нууц биш.  Риогийн олимпийн наадам эхлэхэд хэдхэн сар дутуу байхад Спорт хөгжлийн төвийн даргаар Д.Жаргалсайхан гэх нөхрийг  МАХН зүтгүүлсээр байгаад тавьсан.
 
Өнөөх нь  тамирчдын бэлтгэл сургуулилтад анхаарал хандуулахын оронд газар, хэлтсийн дарга нараа сольж, өөрөө боломж олдсон дээр нь гэсэн шиг дэлхийгээр хэссээр таарсан.  Хамгийн сүүлд яав, мордохын хазгай гэгчээр олимпод оролцох тамирчдын авч явах чемодан дээр ажиллаж, багагүй мөнгө дундаас нь унагаж хөгөө хөлдөө чирсэн.   Хийсэн хэргээ шигшээ багийн албаны дарга руугаа чихэж орхисон  байна лээ, Facebook   хуудсаараа дамжуулаад.  Ер нь  тэгээд дэлхийн чанартай томоохон тэмцээн хаана болно тэнд Хөгжлийн төвийн  ажилтан албан хаагчид  онц ач холбогдолгүй мөртөө  тамирчдын суганд хавчуулагдаад очсон байдгаа өнөөдрөөс болих хэрэгтэй.  


 
Тэдний ниссэн онгоцны зардал, буудлын мөнгийг бусдад нь өгье л дөө. Тамирчид ингэж гомдол мэдүүлж байхыг олонтоо сонссон хүний хувьд агентлагийн шинэ удирдлагууд онцгой анхаарах биз ээ.  Энэ бол улстөрийн албан тушаалтнууд спортын салбарт шургасны гай.  Тэгээд ч  мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчин шаарддаг энэ салбарт улс төрийн намууд, улс төрчид  хуруу дүрэх нь илүүц юм. Алдааг нь нам хүлээхгүй, тамирчид буруудаад үлддэг  гэдгийг хаа хаанаа ухаарах цаг болжээ.  Бас нэг хөндөх  сэдэв бол   тамирчны сонгон шалгаруулалт.  Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтад  сүүлийн жилүүдэд улс төрчид ямар нэг байдлаар  нөлөөлсөөр ирсэн гэж дуулддаг.  


 
Монголын нэрийг дэлхийд гаргах тамирчин, тэднийг дасгалжуулах багш, дасгалжуулагч нарыг  сонгон шалгаруулахад нутаг нуга, танил тал ерөөсөө хамаа байхгүй. Хэн чадаж байна, хэн амжилт гаргах магадлал өндөр байна, тийм тамирчныг,  мэргэжлийн, мэргэшсэн  багш, дасгалжуулагчийг   сонгох ёстой болов уу.  Риогийн олимпод ч  шигшээ багийн алба алдаа гаргасан. Бид бус холбоо нь тамирчдаа сонгоод саналаа ирүүлдэг юм хэмээн өөрсдийгөө өмөөрөх л байх. Юун төлөө шигшээ багийн алба гэж байгаа билээ, тамирчин нэг бүрийн амжилтад судлагаа хийж,  амжилт нь ахиж явааг  сонгох учиртай бус уу. Олимпийн үеэр жүдо гэхэд л Д.Амартүвшин, чөлөөт бөхийн төрөлд   Д.Орхоны оронд  С.Цэрэнчимэдийг явуулдаг байж хэмээн өнөөдөр амаа  барьцгааж сууна.  


 
Энэ бүхэн миний дээр өгүүлсэн  тамирчдын сонгон шалгаруулалт но-той  явж ирсний  жишээ юм.  Эцэст нь хэлэхэд, их спортод яалт ч үгүй өөрчлөлт хэрэгтэй байна.  Тэрхүү өөрчлөлтийг шинээр байгуулагдсан агентлагийн дарга  Ц.Шаравжамц хийх биз ээ.  Туршлагагүй хэмээцгээн өө хайх л юм. Тэр залуу хүн. Цагтаа спортод сэтгэл оюунаа зориулж явсан хүнийхээ хувьд  хэдийнэ салбарынхаа хөгжлийн загвар, чиг хандлагыг тодорхойлсон  нь дамжиггүй.  Түүний хэр ажиллаж буйг ирэх өвлийн Азийн тоглолт, 2018 оны Пинчёний  өвлийн олимп тэртээ тэргүй харуулна шүү дээ.

 

Эх сурвалж: www.mminfo.mn сайт. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
18 оны азийн өвлийн олимп гээд балайраад байхын.энэ чинь азийн зуны наадам.17 онд өвлийн азийн олимп болно.жаахан юм уншиж байж бич дээ сэтгүүлч гуай.
2016-08-27
api:
unen shuu
2016-08-27
Зочин:
Mash zuv bichjee yag l sanaand baisan zuiliig bugdiig bagtaagaad saihan bichij, odoo tegeed sport holboodyn udirdlaga, zarim dasgaljuulagchid, manaihaas ochij ajilladag shuugchid, shigsheegiin zarim tamirchdyg solih heregtei baina, dagvadorjoos ehluuleed baljinnyam, duvchin, batbayar geed solih ulsuud bainaa baina, angli hel ezemhssen gadadad surch tugssun chuluutiin battulga baihaa ter zaluugaas ehluuleed tavih heregtei sh dee
2016-08-27
Цццц:
Гол нь л сэтгэл зүй байхгүй,барилдаанч дайчин чанар байхгүй,хурд самбаа дутуу л бна лээ л дээ.Дээр нь толгойгоо ажиллуулахгүй нэг барьцнаас юм хийдэг бол тэрнийгээ л авах гээд тулаад зогсчихно ийм байхад яаж тэр өндөр хэмжээнд бэлтгэгдсэн тамирчидтай өрсөлдөх вэ. Сүүлийн 2 жилийн өмнөөс л яг л Сумьяа,Отгондалай,Батцэцэг эд нар арай өөр харагдааад байсан яг л тийм л улсууд амжилтаа гаргаж бна.Яахав Батцэцэг гэмтэлтэй байдаг нь тиймхэн боллоо тэрнээс тиймгүй байсан бол баараггүй алт авах байсан,жингийнх өрсөлдөгчид болон дэлхийн бөхийн мэргэжилтнүүд бараг хүлээн зөвшөөрсөн байсан даанч багш дасгалжуулагчийн хариуцлагагүйн гайгаар гэмтэл авч дуусгалаа. Далгалжуулагч нарийг солих хэрэгтэй бна,хариуцлага дэг журмийг чангатгах хэрэгтэй бна.
2016-08-27
jir irgen:
Yag zuv. Zagatnasan gazar maajiv. Dasgaljuulagch tamirchin geed bugd tolgoi ny olgoi yum uu haashaa yum. 6 minut hun shildej zogsoh gej Rio yavsan humuus l gej oilgoloo. Archaagui amitad bdag yum bna. Bat tsetseg ch gesen garch irj bgaa ny orshuulganaas irj bgaa adil tsarailchihsan ali hedii ny yalgdsan bsan. Tserenchimediig odoonoos beld!!!! Ter l barildah urlagiig jaahan oilgodog gej boddog.
2016-08-27
Ухнаа:
Спортыг хувийх шиг бодож бизнес болгогсод их болсон тухайн спортын эмзэг талыг барьж тэнд дөрөөлж жүжиглээд цаанаа хэсгээр бүлгээр амьдрагчил ашиг хмйгчид их болсон одоо топ гээд байгаа спортын төрлүүд йн холбоо дасгалжуулагчил тамирчдыг бүгдийг соль боллоо тэд нар өөрсдөө ажилаа өг
2016-08-26
зочин:
Спорт бол улс төр болоод удаж байна даа. Аугаа Фюрер Олимпийг Рейхийн сүр хүчний бэлгэдэл болгосон тэр цагаас хойш энэ үзэгдэл огт өөрчлөгдөөгүй.Одоо АНУ бүүр эрээ цээрээ алдлаа. Тэд аль орныг Олимпод оруулах,аль тамирчныг хасах зэргийг дур зоргоороо шийддэг болтлоо спортын ариун үзэл санааг гутааж байна.Ийм үед шударга бус өрсөлдөөнд тамирчдаа оруулж бие сэтгэлээр нь зовоож байх хэрэг байна уу даа.ОУ-н Бөхийн холбоо манай тамирчдыг олон улсын тэмцээнд оруулахгүй гэсэн сураг байна.Ашгүй дээ гэж баярлаж байна. Америкчуудын иддэг допингийг манай улс олж хэрэглэж чадахгүйгээс хойш бор зүрхээрээ яваа манай хэд нэмэргүй..
2016-08-26
api:
unen shuu