Шүүгчийн цалинг бууруулвал шударга ёс үнэгүйднэ

ШЕЗ-өөс ээлжит хэвлэлийн хурлаа хийлээ. Энэ удаагийн хурлаар шүүхийн төсөв, шүүгчдийн цалингийн асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Засгийн газар төсөвт тодотгол хийхдээ шүүхийн байгууллагын зардлыг найман хувиар багасгажээ. Ингэхдээ ШЕЗ-ийн даргын багц болох 48.9 тэрбум төгрөгийг 45 тэрбум болгон бууруулжээ. Мөн дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 3.4 тэрбумыг 3.2 болгон бууруулсан байна. Энэхүү таналтыг хийснээр шүүгчдийн цалин 61-63 хувиар буурч буй аж. Шүүгчдийн цалин бууруулах нь хараат бус байдалд нөлөөлөх учраас Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан хэлэв. Мөн шүүгчдийн цалинг ШЕЗ-ийн саналыг харгалзан тогтоодог хуулийн заалттай. Засгийн газар ШЕЗ-ийн саналыг аваагүй нь шүүхийн болон Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл хэмээн үзэж буйгаа дуулгав.
Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны тэргүүн, шүүгч Ц.Оч: Шүүхийн төсвийг буулгах шаардлага байхгүй. Гадны улс орнууд улсын төсвийнхөө тодорхой хувийн шүүхдээ зарцуулдаг. Тухайлбал, ОХУ төсвийнхөө 2.1 хувь, Польш 3.1 хувийг зарцуулж байхад Монгол Улс 0.66 хувь. Одоо бүр төсвийн зарлагын 0.46 хувь болгон бууруулах гэж байна. Засгийн газрын энэ санал нь Үндсэн хууль зөрчиж буй учраас бид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, намын бүлгийн дарга, Сангийн сайдад хандсан.
Судлаач О.Мөнхсайхан: Шударга ёс, шүүхийн хараат бус байдал тодорхой өртөгтэй. Дэлхийн улс орнууд дундаж цалингаасаа 5-7 дахин их цалинг шүүгч нартаа өгдөг. Харин манай улс дундаж цалингаас гурав дахин өндөр цалин өгдөг. Одоо үүнийг хоёр болгон бууруулах гэж байна. Шүүгч нарыг давхар ажил хийхийг хориглодог. Зөвхөн багшилж, эрдмийн ажил бичих л эрхтэй. Гэтэл шүүгч 100-130 хэрэг шийддэг. Цалингаас гадуур орлого олох ямар ч боломж байхгүй. Тиймээс шүүгч нар үндсэн хэрэгцээндээ санаа зовохгүйгээр ажлаа хийх боломжийг олгох ёстой.
Т.Мэндсайхан шүүгч нарын цалин нэмэгдсэнээр дараах эерэг өөрчлөлт гарсан гэдгийг хэлэв.
-Хуульчдын шүүх болох хүсэл нэмэгдсэн. Гурван жилийн хугацаанд 140 хуульч шүүх рүү орж ирсэн.
-Шүүхийн шинэчлэл сайн явагдаж байгаа. Шүүгчдийн хараат бус байдалд дорвитой өөрчлөлт авчирсан.
-Иргэдийн шүүхэд итгэх итгэл 27 хувьтай байсан цаг бий. Харин одоо иргэдийн итгэл 60 хувийг давсан.
-Шүүгчдийн ажилдаа хандах сэтгэл, зүтгэл нэмэгдсэн.
Тиймээс шүүгчдийн цалинг бууруулахгүй байх ёстой хэмээн үзэж байна. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулахгүй байх үндэслэлийг ийн тодорхойлжээ.
- Шүүгчийн цалинг нэмэгдүүлснийг олон улсын шинжээчид шүүхийн шинэтгэлийн хамгийн гол ололт гэж дүгнэсэн байна. Энэ ололт амжилтыг улам баталгаажуулж төрийн бодлогын залгамж халааг хадгалах шаардлагатай.
- Төсвийн тодотголоор төсвийн урсгал ззрдлыг 7 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн атлаа шүүгчийн цалинг 61-63 хувиар, шүүхийн төсвийн урсгал зардлыг 8 хувиар бууруулах, нэгдсэн төсвийн зарлагад эзлэх шүүхийн төсвийн хувийн жинг 0.66-аас 0.46 хувь болгон багасгахаар тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлууд хоорондоо тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж. шүүх эрх мэдлийн хараат бус. бие даасан байдлыг бусад эрх мэдлийн байгууллагаас дордуулахад хүргэнэ.
- Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг буруулах нь шударга ёсыг үнэгүйдүүлэх, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулах, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай. 2016 оны эхний байдлаар нийт шүүгчийн 98.5 хувь нь арилжааны банкинд 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 72.9 хувь нь орон сууцны зээл. 22.8 хувь нь цалингийн зээл, 4.2 хувь нь хэрэглээний зээл Шүүгч дундажаар 583 000- 3 250 000 төгрөгийн зээл нэг сарын төлбөрт төлж байна.
- Шударга шүүхийн тогголцоо төлөвшөөгүй улс оронд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, эд зүйл өмчлөх, эзэмших явдал өндөр эрсдэлтэй болдог. Иймээс төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээл байсан ч шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг илүү баталгаажуулах замаар хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдээ дэмжиж, эдийн засгаа эрүүлжүүлдэг олон улсын жишиг. сайн туршлага элбэг байдаг.
- Үндсэн хуулийн 48 зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 'шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгаа"-г хангах үүргийг төр хүлээнэ Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах шийдвэр Үндсэн хууль зөрчинө
- Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 7 дахь хэсэгт Бүх шатны шуүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Шуүхийн ерөнхий зөвлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно’ гэж хуульчилсан УИХ-ын 2015 оны 101 дүгээр тогтоолоор бүх шатны шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 2.7-3.3 сая төгрөг байхаар тогтоосон. УИХ шүүгчийн цалинг шинэчлэн тогтоох бол ШЕЗ-ийн саналыг заавал авч харгалзан үзэх ёстой.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ