Хүүхдийн 63 автобус шалгалтад тэнцсэнгүй

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандартын хангалтад шалгалт явуулахаар болсон. Тус шалгалтыг энэ сарын 25-28-ны өдрүүдэд Замын цагдаагийн газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн нэгж, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Тээврийн газар хамтран зохион байгуулав. Замын цагдаагийн газраас өнөөдөр шалгалтын дүнг танилцууллаа.
Шалгалтад нийслэлийн 7 дүүргийн 43 сургууль, 2 цэцэрлэгийн нийт 103 автобус хамрагдсан байна.
Үүнд:
- Баянзүрх дүүрэг: 13 сургуулийн 27 автобус
- Баянгол дүүрэг: 4 сургуулийн 7 автобус
- Сонгинохайрхан дүүрэг: 3 сургуулийн 3 автобус
- Сүхбаатар дүүрэг: 12 сургуулийн 39 автобус
- Чингэлтэй дүүрэг: 1 сургууль, 1 цэцэрлэгийн 2 автобус
- Хан-Уул дүүрэг: 8 сургууль, 1 цэцэрлэгийн 23 автобус
- Налайх дүүрэг: 2 сургуулийн 2 автобус хамрагджээ.
Нийслэл хотод ерөнхий боловсролын 214 сургууль /төрийн-123, төрийн бус-91/, 564 цэцэрлэг / төрийн-204/, /төрийн бус-360/ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 55 сургууль, 4 цэцэрлэг нийт 132 хүүхдийн автобус ашигладаг судалгаа гарчээ. 2015-2016 оны хичээлийн жилд 6 дүүргийн 36 сургууль, 2 цэцэрлэгийн 72 хүүхдийн автобус шалгалтад хамрагдаж бүгд тэнцээгүй аж.
Харин 2016-2017 оны хичээлийн жилд 7 дүүргийн 43 сургууль, 2 цэцэрлэгийн нийт 103 автобус 78%-тай хамрагдлаа. Шалгалтад хамрагдсан нийт 103 автобусны 38,8% нь буюу 40 нь насжилтаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлага /мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ослын тэмдэг, ослын алх, галын хор, ивүүр, нөөц дугуй, эмийн сан зэргийг иж бүрдэл хангаагүй, сургууль, цэцэрлэгийн лого болон бусад тэмдэг, тэмдэглэгээ бичвэрүүд стандарын шаардлага хангаагүй/ зэрэг зөрчил илэрчээ.
Үлдсэн 61,2% нь 10-аас дээш жилийн насжилттай байгаа тул хүүхдийн автобусны үйлчилгээнд ашиглах боломжгүй гэж дүгнэсэн байна. Насжилтаар хасагдсан тээврийн хэрэгсэлд сургуулийн хүүхэд тээвэрлэх зөвшөөрөл олгохгүй ажээ. Мөн сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт шалгалтанд тэнцээгүй автобусны жолоочтой гэрээ байгуулахгүй байх талаар мэдээлэл өгч, мэдэгдэл хүргүүлэх тухай Замын цагдаагийн газраас зөвлөж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ