2008 оны сонгуулийн дараахи үймээнээр дөрвөн хүн галт суманд оногдож нас барсан хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлагиуд болон албан хаагчдыг холбогдуулан шалгаж байгаа. Хэргийг саяхан хяналтын шатнаас яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгтэй холбоотой зарим мэдээллийг нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Е.Сагсайгаас цөөн асуултад хариулт авлаа.
- УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний олон нийтэд дэлгэсэн галт сумны хонгио цагдаагийн тэмдэглэл зэргийг шалгаж өгөх хүсэлтийг Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл прокурорын байгууллагад удаа дараа тавьсан гэсэн мэдээлэл бий. Өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлаач?
- Хэрэгт авагдсан нотлох баримтыг өмгөөлөгч, прокурор, шүүгч өөр өөрийнхөөрөө үнэлнэ. Тэр өмгөөлөгчийн, улсын яллагчийн, мөрдөн байцаагчийн үнэлж байгаа нотлох баримтыг шүүх үнэн зөвөөр нь шийдэх ёстой. Долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой хүний амь үрэгдсэн хэргийг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш шалгасан. Нийтдээ 30 гаруй хавтаст хэрэг бүрдсэн. Мөрдөн байцаалтаар хэрэгт авагдсан баримтуудаар холбогдох хүмүүст үүсгэсэн хэрэг нотлогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн. Шүүх гэм бурууг тогтооно.
-Цагдаагийн удирдлагуудад нь ял төлөвлчихөөд албан хаагчдын хэргийг нь түтгэлзүүлдэг нь ямар учиртай юм бэ. Хамт яллах байсан юм биш үү?
-Нэгдүгээрт цагдаагийн ажилтан зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон боловч амь насаа алдсан дөрвөн хүнийг хэн буудсан нь тогтоогдоогүй. Тиймээс эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр үүсгэсэн цагдаагийн алба хаагчдаа холбоотой хэргийг, цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргээс тусгаарлаж, түдгэлзүүлсэн. Гэхдээ гүйцэтгэх албаны болон бусад шугамаар шалгалт үргэлжилж байгаа. Түдгэлзсэн гэдэг нь шалгахгүй энэ хавтаст хэргийг огт хөдөлгөхгүй гэсэн үг биш.
-Цагдаагийн удирдлагууд хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн гомдол гараад байгаа. Үнэн үү?
-Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хавтаст хэрэгтэй танилцахыг мөрдөн байцаагч хугацаа тогтоож өгөх ёстой. Энэ хэргийн хувьд хохирогчид, яллагдагчид 2009 онд бүтэн жил гаруй хугацаанд хавтаст хэрэгтэй танилцсан. 27 хавтаст хэрэгтэй танилцахын тулд бүтэн жил гаруй зарцуулсан. Дараа нь хэргийг сэргээн шалгасны дараа нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэхийн өмнө УЕП-ын мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч нар хавтаст хэрэгтэй танилцах тодорхой хугацаа тогтоож өгсөн. Боломжит хугацаандаа яллагдагчид болон тэдний өмгөөлөгч, хохирогчид олгосон хугацаанд хавтаст хэрэгтэй танилцсан.
- Ч.Амарболд генералын тушаалаар О.Зоригт ажилласан гэж өмгөөлөгчдөө хэлсэн байдаг юм билээ. О.Зоригт мэдүүлэгтээ тушаалаар ажилласан хүлээсэн хэрэг үү?
-Мөрдөн байцаалтын нууцад хамааралтай учраас мэдээлэл өгөх боломжгүй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ