Сайн цагийн эхлэл болоорой

Сургуульд орсон анхны дурсамж хэн бүхэнд тодхон санагддаг буй за. Өтгөн хар гэзэгтэй. Тэр гэзэгнийхээ үзүүрт хоёр том цагаан туузан цэцэгтэй. Хөх даалимбан дээлтэй. Улаан хацартай. Энэ миний сэтгэлдээ зурсан багийн минь хөрөг. Дөнгөж оюутан болоод би сэтгэлдээ зурагдсан гэнэн багийн энэ хөргөөсөө жигтэйхэн ичдэг байж билээ. Тэгтэл одоо санах нь ичих зүйл биш. Харин гэмгүйхэн, дэггүйхэн сурагч үе минь гэгээн бүхний эхлэл байсан юмдаг уу даа. Ийн бодсон нь ижий, аавдаа хөтлүүлэн эрдмийн их өргөөнд анхлан хөл тавьж буй цэцгэн настай жаалуудыг харж, сэтгэл багахан нялхарсан хэрэг. Тиймээ өнөөдөр есдүгээр сарын 1.
Хүний амьдралд гэгээн дурсамж үлдээх энэ өдрийг хүүхдийн инээд, ижий аавдаа хорогдсон багачуудын хөнгөхөн гуниг, ахлах ангийнхан, хэн нь хэрхэн өөрчлөгдснийг ярилцах дотнохон хөөрөлдөөн дунд өнгөрүүлэхээр Нийслэлийн ЧД-ийн лаборатори 23 дугаар сургуулиас сурвалжлага бэлтгэлээ.
Тус сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн нээлт Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлт эхэлхээс цагийн өмнө очиход ахлах ангийн сурагчид хэдий нь ирчихсэн харагдана. Хажууд зогссон охидын яриаг сэм чагнавал “Нөгөө ангийн Баяраа жигтэйхэн өндөр болсон байна билээ”, “Үсээ тайрсан чинь чамд ёстой гоё зохиж байна” хэмээн өөр хоорондоо шивнэлдэх ажээ.
Нээлт эхэллээ. Лаборатори 23 дугаар сургууль нь Орос, Хятад, Япон, Солонгос, Герман гэсэн таван хэлний гүнзгийрүүлсэн сургалттай юм. Тиймээс ч хичээлийн жилийн нээлтэд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яамнаас албаны төлөөлөгчид ирсэн байлаа. Улмаар дээрхи таван улсын тугийг залснаар нээлт эхэлж, тэргүүний сурагчид өөр өөрийн гүнзгийрүүлэн судалдаг гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлэв.
Тус сургууль нээлтийн арга хэмжээгээ бага, дунд, ахлах ангиар нь гурав хувааж хийхээр болжээ. Өглөө 08.00 цагт ахлах анги буюу VII-XII ангийн хүүхдүүдийн хичээлийн нээлт болов. Энэ үеэр хичээлийн жилийн анхны хонхыг цохихоор зургаан настай таван хүүхэд өглөө эртлэн ирсэн байлаа. Тэдний нэг З.Амаржаргал охин “Чамайг хэн гэдэг вэ” гэх нүүрэмгий яриагаар хажуудахаа шалгаана. Нөгөө нь аав руугаа дөлж, өнөөх охиноос ичих нь эгдүүтэй. Яриа өдөж, хүүхэд ичээсэн адтай охинтой ярилцлаа.
-Сургуульд орлоо. Чамд ямар санагдаж байна вэ?
-Гоё санагдаж байна.
-Юу нь гоё гэж?
-Өдөр болгон хичээлд явна. Тэгээд даалгавараа хийнэ гэхээр гоё санагдаж байна. Хичээлээ сайн хийгээд байвал эрдэм номтой, ухаантай хүн болно. Бас их олон найзтай болно гэдэг чинь гоё ш дээ.
-Тоо бодож чадах уу?
-Би 110 дугаар цэцэрлэгт явж байсан. Би цэцэрлэгт сурах хугацаандаа 1-100 хүртэл тоолж сурсан. 35 үсгээ бүгдийг нь мэднэ. Бас зөндөө олон дуу, шүлэг мэднэ.
-Өнөөдөр хонх цохих гэж байгаа юм байна. Ямар хүүхдүүд хонх цохидог юм бол оо?
-Ээж надад хэлэхдээ ээж аавынхаа үгэнд ордог, заасан юм сайн сурдаг, цэцэрлэгтээ онц сурсан хүүхэд хонх цохидог гэж хэлсэн.
-Том болоод ямар мэргэжилтэй болох уу?
-Одоохондоо хэлж мэдэхгүй байна. Би гэхдээ гэрээ цэвэрлэх дуртай.
Түүнтэй ярилцсаны дараагаар М.Содгэрэл хүүгээс сургуульд орсон сэтгэгдлийг нь сонсоход “Мэдэхгүй” хэмээн мөрөө хавчих ажээ. Ээж, аав, ах гуравтайгаа энд ирсэн гэнэ. Эртлэн сэрээж, энд авчирсан нь хүүд таалагдсангүй бололтой хаа нэг эвшээлгэн, “гэртээ харих уу” гэж ээжээрээ зэмлүүлж харагдав.
Харин У.Эрдэнэ хүү “Сургуульд сурна гэхээр гоё санагдаж байна. Би хичээлээ сайн хийж онц сурна. Хичээлийн анхны өдөр хүүхдүүд уйлдаг гэсэн. Юундаа уйлдаг байна. Айдаг юм болов уу. Би л лав тэгж уйлахгүй. Би том болоод хөлбөмбөгчин болно. Би аавтайгаа хөлбөмбөгийн тэмцээн зурагтаар үздэг юм. Тэгээд л гоё санагдаад би хөлбөмбөгчин болохоор шийдсэн. Би саяхан дүүтэй болсон. Одоо би сурагч болж байгаа болохоор дүүгээ харж, хамт тоглож чадахгүй л байх. Гэхдээ гэрийн даалгавараа хурдан хийчихээд дүүтэйгээ тоглоно гэж бодож байгаа ” хэмээн хэвлүүхэн яриа өрнүүлэв.
Нийслэлийн 23 дугаар сургуульд нийт 3300 гаруй хүүхэд суралцдаг байна. Өнөө жил сургуулийн босгыг шинээр 280 гаруй хүүхэд алхаж, сурагч ширээний ард ангийн андтайгаа тохой нийлүүлэн суухаар сэтгэл догдлон хүлээнэ.
Нэгдүгээр ангийнхны хувьд гурван ээлжээр 7 хоногт 19 цаг хичээллэх аж. Өглөө 08.00 цагт орсон анги 11.20 цагт тарах цагийн хуваариар хичээлээ явуулахаар төлөвлөсөн тухай тус сургуулийн бага боловсролын сургалтын менежер Б.Зээрээ хэлж байна. Тэрбээр “Манай сургууль таван хэлний гүнзгийрүүлсан сургалттай. Тийм учраас зургаан настнуудыг Орос, Англи, Япон, Герман, Хятад гэсэн таван бүлэгт хуваан элсүүлнэ. Нэгдүгээр ангиасаа хэлний сонголтоо хийж ороод гуравдугаар ангиас нь гүнзгийрүүлэн судлах юм. Багчачуудад дөнгөж цэцэрлэгээсээ гараад, сургуулийн хаалгыг алхаад ороход их л хүндрэлтэй байдаг шиг байгаа юм. Ямар ч байсан сургуулийн орчин нөхцөл маань шинээр элсэн сурагцагчиддаа энд ирээд уйлахгүй байхаар бэлтгэгдсэн гэдэгт итгэж байна” хэмээн ярив.
Энэ өдрөөс л эрдэм номын алсын алс харгуйд багачууд хөл тавьж, ирээдүйд хэн болохоо мөрөөдөж, тэр мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу суралцана. Онц сурч, сайн сайханд түүчээлэхийг тэдэнд ерөөж, эрдэм номын их аянд нь амжилт хүсье. Сайн цагийн эхлэл болоорой бяцхан жаалууд минь.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ