Оюутны картыг мянган төгрөгөөр сунгана

2016 – 2017 оны хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх цахим төлбөрийн картыг хэрхэн олгох талаар Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Улаанбаатар смарт карт компаниас хамтран мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд НХГ-ын оюутны хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Л.Амаржаргал, НБГ-ын хуулийн зөвлөх Ц.Ууганбаяр, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн тээврийн хэлтсийн ахлах менежер Ц.Түвшинжаргал нар оролцов.
Их, дээд сургуульд шинээр элсэн суралцах оюутнууд сургуулийн захиргаандаа шинэ карт авах хүсэлтээ гаргана. Харин сунгуулах оюутнууд картаа сургуулийн захиргаандаа хураалгах юм байна. Хураасан картыг “Улаанбаатар смарт карт” ХХК нэгдсэн байдлаар сунгаж, буцаан олголт хийх ажээ. Шинээр захиалах оюутнуудаас 3600 төгрөг, сунгалт хийлгэх оюутнаас мянган төгрөгийн хураамж авах юм байна. Эхний ээлжинд сунгалт хийлгэх хүсэлт гаргасан оюутнуудад картыг олгох ажээ.
Шинээр захиалах болон сунгалт хийлгэх хүсэлтийг оюутнуудаас энэ сарын 6-нийг хүртэл сургуулиуд дээр нь хүлээн авна. Харин буцаан олгохдоо энэ сарын 12-18-ны өдрүүдэд тухайн сургуулиар дамжуулан тараана.
Шинээр цахим төлбөрийн карт олгох:
- Шинээр хөнгөлөлттэй зорчих карт авах эрх бүхий оюутан өөрийн сургуульдаа хандан картаа захиална.
- Сургуулиуд төрийн байгууллагаас тогтоосон хяналтын тоонд багтаан шинээр карт авах оюутнуудын мэдээллийг хянаж баталгаажуулан ирүүлснийг үндэслэн Их, Дээд сургуулиудад Нийслэлийн Боловсролын Газар, МСҮТ, Коллежуудад Нийслэлийн Хөдөлмөрийн газар шинээр олголт хийнэ.
Цахим төлбөрийн карт сунгах:
- Өнгөрсөн хичээлийн жилд нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт авсан 2016 – 2017 оны хичээлийн жилд үргэлжлүүлэн ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана. Сунгуулахдаа өөрийн сургуульдаа картаа хураалган сунгалт хийлгээд буцаан авна.
Өнгөрсөн хичээлийн жилд шинээр цахим картыг нийт 57 мянга 681 оюутанд олгожээ. Энэ хичээлийн жилд нийт их дээд сургууль элсэгчдийн тоо эцсийн байдлаар БСШУСЯ-наас гаргаагүй байгаа аж. Албан ёсны тоо энэ сарын 15-наас хойш эцэслэж гарахаар байгааг НБГ-ын хуулийн зөвлөх Ц.Ууганбаяр хэлж байна.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Их, Дээд сургууль, Коллеж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох журам баталсан. Энэ журмын дагуу карт, олгох, сунгах ажлыг зохион байгуулах үүргийг НБГ хүлээсэн байдаг. Энэ хичээлийн жилд НБГ нь нэг цэгийн нэгдсэн үйлчилгээний төвөөр дамжуулан оюутны цахим картыг олгох юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ