Ц.Түвшинжаргал: Картыг автоматаар сунгах боломжгүй

img

Гэрэл зургийг MPA.mn

 

2016 – 2017 оны хичээлийн жилд  оюутнуудын нийтийн тээврээр хөнгөлөлттэй үйлчлүүлэх цахим төлбөрийн картыг хэрхэн олгох талаар Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Улаанбаатар смарт карт компаниас хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн тээврийн хэлтсийн ахлах менежер Ц.Түвшинжаргалаас дараах тодруулгыг авлаа.

 

-Энэ жил хичнээн карт шинээр олгох вэ?

 

-Энэ жилийн хувьд, их дээд сургууль, коллежид суралцах оюутнуудын тоог одоогоор гаргаагүй байгаа юм билээ. Тийм учраас хичнээн карт шинээр олгохыг хэлж мэдэхгүй байна.  Сургуулиудын элсэлтийн үйл ажиллагаа хараахан дуусаагүй байгаа.

 

-Шинээр элссэн оюутнууд 3600 төгрөгөөр карт аваад бүтэн жил үнэгүй зорчих уу?

 

-Тэгнэ. Картын хураамжийг нэг удаа төлнө. Улмаар тухайн картыг хаяхгүй, хугалахгүй, үрэгдүүлээгүй тохиолдод суралцах хугацаандаа бүрэн ашиглах боломжтой. Картанд ямар нэг хугацаа гэж байхгүй. Тийм учраас төгссөнөөс нь хойш энгийн картын горимд шилжих учраас өөрөө цэнэглэж ашиглах боломжтой.

 

-Өдөрт хоёр удаа, сард 44 зорчих эрх гэж бий. Энэ журам хэвээрээ юу?

 

-Хөнгөлөлттэй зорчдог оюутнуудын картын нөхөн олговрыг Нийслэлийн төсвөөс тээвэрлэсэн аж ахуй нэгжид олгодог. Үүний дагуу албан ёсны квотыг НИТХ-аар баталсан байдаг. Тэгэхээр энэхүү журам нь албан ёсоор өөрчлөгдсөн зүйлгүй.

 

-Цахим карттай оюутнуудын сунгалтыг автоматаар хийж болохгүй юу?

 

-Картан дээр тухайн картын ашиглах хугацааг есдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 30 хүртэл заасан байдаг. Энэ хугацаанд ашигласан картаа эргээд есдүгээр сарын 1-нд заавал төхөөрөмжинд уншуулж сунгах ёстой байдаг. Тиймээс автоматаар сэргээх боломжгүй. Яагаад гэвэл төгссөн, зургаан сараас дээш хугацаагаар чөлөө авсан, сургуулиа орхисон зэрэг оюутан байгаа учраас шууд нэгдсэн байдлаар сунгалт хийх нь системийн хувьд боломжгүй юм. Харин сар бүрийн автомат цэнэглэлт сар бүрийн 1-нд хийгддэг.

 

-Картыг сунгахад мянган төгрөгийн хураамж авна гэсэн. Төхөөрөмжинд картыг уншуулаад л сунгахад мянган төгрөгийн өртөг гарна гэж үү?

 

-Холбогдох байгууллагууд хуралдаад тухайн оюутанд хүндрэлгүй байхаар тооцоолж энэ шийдвэрт хүрсэн. Үндсэндээ автобусанд хоёр удаа зорчих мөнгө шүү дээ.

 

-Оюутнуудад картыг хэзээ буцаан олгох вэ?

 

-Эхний ээлжинд сунгалт хийлгэсэн оюутнуудын картыг идэвхижүүлэн тараах үйл ажиллагаа явуулна. Шинээр элсэж байгаа оюутнуудад сургуулийн захиргаатай нь ярьж байгаад картны захиалга, олголт, тараалтын ажлыг явуулна. Шинээр захиалах болон сунгалт хийлгэх хүсэлтийг оюутнуудаас энэ сарын 6-нийг хүртэл сургуулиуд дээр нь хүлээн авна. Харин буцаан олгохдоо энэ сарын 12-18-ны өдрүүдэд тухайн сургуулиар дамжуулан тараана.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баагий:
Сарын хагасд нь явж чадахгүй өнгөрөх юм биш үү?
2016-09-02