Хямралын цаг үед эх орноо бодоод татвараа төлчих байх

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Бид эдийн засгийн хямралтай, иргэдийн амьдрал хүнд байгаа үед татвар нэмэх биш татварын орлогыг нэмэгдүүлэх тал руу нь бодлогоо явуулах хэрэгтэй. Дундаж орлоготой хэсэг рүү нэлээн халдсан байна. Орон сууцны талбайн хэмжээнд татвар ногдуулжээ. Хоногийн 30 мянгыг төлж байснаас хямдхан зочид буудалд хоносон нь дээр болоод байна. Тэр өрхийн орон сууц байгаль орчинд халгүй, өөрийнхөө гэрт амьдарч байгаа хүмүүс. ХАОАТ-ын 18 дугаар зүйлд тайлбар хэлнэ үү?
-Төсвийн тогтвортой байдлын хууль санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалдаг. Төсвийн алдагдлыг 2 хувиас доош бууруулах шаардлага байгаа. Төсвийн тодотголын тухайд жилийн 30 сая төгрөгөөс дээш хэсэгт хоёр шатлалтай буюу 25 хувийн татвар ногдуулж байгаа. Энэ нь сарын 2.5 сая төгрөгийн цалинтай иргэдэд хамаарна. Засгийн газраас тансаг хэрэглээ тал руу татвар нэмэхийг, зорилтот бүлэг рүү дэмжлэг үзүүлэхийг зорьсон.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Татвар нэмснээр орлого нэмэгдэх үү? Орон сууцанд амьдарч байгаа хүн яагаад “ял үүрэх” ёстой вэ? 500 тэрбум төгрөгийг төсвөөс гадуур зарцуулсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ? Зарим төлбөрүүдийг хойшлуулах боломж байна уу?
-Татвар нэмэхэд орлого нэмэгдэхээр тооцоо гарсан. 150 ам.метрээс дээш талбайтай орон сууцанд татвар ногдуулж байгаа. Хямралын цаг үед эх орноо бодоод тансаг зэрэглэлийн хэрэглээтэй хэсэг нь татвараа төлчих байх. “Хан ресурс”-ын төлбөрийг хойшлуулах бололцоо байхгүй. Төлбөр нь хийгдсэн. Төсөв дээр байгаа өрийн дарамт хэт өндөр болсон. 5 төгрөг тутмын нэг нь зээлийн үйлчилгээний төлбөрт төлж байгаа. Энэ удаагийнх нэлээн хүнд хямрал болж магадгүй.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Татвар нэмэхээр орлого нэмэгддэг хаанахын туршлага байна вэ? Татвараа нэмэхээр далд эдийн засаг бий болно. Төрийн албан хаагчдын цалинд, цэргийн салбарын орлогод халдсан, хүүхдийн мөнгийг танасан нь Засгийн газрын зөв бодлого уу?
-Татварын өөрчлөлтөд 14 мянган хүн хамрагдах тооцоотой байгаа. Түүнээс 400 мянган хүн хамрагдахгүй. Эдийн засгийн өөрчлөлт явж байна. Орлого бууруулж, зарлага нэмэх арга хэмжээ авахаар 500 тэрбум орчим төгрөгөөр төсвийн тэнцэл сайжруулахыг зорьсон. Эдийн засгийг дахин сэргээх асуудал манай намын мөрийн хөтөлбөрт байгаа. Эдийн засгийг сэргээхийн тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй.
Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авч байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ