Хөрөнгө оруулагчдын санал гомдлыг хүлээж авна

Хөрөнгө оруулагчид, аж ахуй эрхлэгчдийг хууль бусаар мөрдөн шалгаж, эрх ашгийг нь зөрчиж байгаа талаарх санал, гомдол гарах болжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар төрийн захиргааны болон хуулийн байгууллагын дарамтаас хамгаалах, хөрөнгө оруулагчдад учирч буй хүндрэлтэй асуудлыг шалгах ажлын хэсгийг байгуулсан байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Хуульзүйн сайд С.Бямбацогт мэдээлэл хийсэн юм. Тэрбээр:
-Хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгч нарыг хууль бусаар мөрдөн шалгаж байгаа талаарх мэдээллийг ажлын хэсэг энэ сарын 15-ныг хүртэл авна. 2011 онд хөрөнгө оруулалт 4.1 тэрбум ам.доллар байсан бол 2016 оны эхний хагас жилд 360 сая ам.доллар болж, 100 гаруй дахин буурчээ. Өнөөдрийн байдлаар гадаадын 200 орчим, дотоодын 5000 орчим иргэн хилээр гарах эрхийг нь хязгаарласан байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ЭСЯ-дын холбогдох хүмүүстэй уулзана. ЗГХЭГ-ын дэргэд хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулагдсан. Бид хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдээ дэмжиж ажиллана. Тиймээс ямар нэг үндэслэлгүй, хууль бусаар мөрдөн шалгагдаж байгаа хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчид бидэнд хандаж болно хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ