Галзуугийн вакцин дууссан

img

Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй өвчний нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм. Галзуу өвчин үүсгэгч вирус агуулдаг амьтны нэг нь нохой. Сүүлийн жилүүдэд нийслэлд золбин нохой элбэгшиж байна. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар 70-80 мянган золбин нохой бий гэж албаны хүн хэллээ. Нохдод хазуулчихгүй юмсан гэх сэрэмж, айдас хүн бүрт бий. Гэвч хазуулахгүй гэсэн баталгаа үгүй.

 

Өнгөрсөн онд нийслэлд 250 хүн нохойд хазуулсан гэсэн тоо бий. Ийм үед сэтгэл зовоосон мэдээ сонсогдлоо. Учир нь галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин Монгол Улс даяар дуусчээ. Вакцин хэзээ ирэхийг мэдэх албаны нэг ч хүн алга.

 

Нохойд хазуулсан тохиолдолд 24 цагийн дотор харьяа өрх, дүүргийн эмнэлэгт очиж галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийлгэх ёстой. Вакцин хийлгээгүй буюу дутуу тариулсан, эмнэлгийн тусламж оройтсон үед тухайн хүний амь насанд аюул учирч болзошгүйг эмч нар хэлдэг. Вакцин маш чухал гэдэг нь үүнээс харагдана.

 

Дээр дурдсан 70-80 мянган золбин нохойн ихэнх нь жингэр буюу эм нохой аж. Олон улсын байгууллагаас гаргасан судалгаанаас харахад нэг жингэр таван жилийн дотор 50-60 болж үрждэг байна. “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд “Золбин нохой, муургүй болгох ажил”-ыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа. Нийслэлд 40 орчим анчин золбин нохой устгахаар ажиллаж байгаа хэдий ч өнөөх нохдын тоо цөөрөөгүй л байна. Тиймээс нохдын үржлийг зогсоох “Спэй” арга хэрэглэхээр болсон билээ. Энэ нь нэг ёсондоо хөнгөн хэлбэрийн мэс засал юм. Албаныхны хэлж буйгаар “Спэй” аргыг хэрэглэснээр гурван жилийн дотор манайх золбин нохойгүй болох юм байх. Гэхдээ энэ хэрэгжих нь юу л бол. Учир нь нэг нохойнд үржил хаах мэс засал хийхэд өртөг нь 80-130 мянган төгрөг байдаг ажээ.

 

АНУ 40 сая, ОХУ 21 сая тэжээвэр нохойтой. Манайхан малаа тоолдог шиг гадаадынхан нохойгоо тоолж элдэв халдвараас сэргийлж тогтмол вакцин хийлгэдэг. Харин манайд 3000 орчим гэрийн тэжээвэр амьтан бий гэсэн тоо байна. Тэдгээрээс 20 орчим хувь нь л вакцин, туулгаа тогтмол хийлгэдэг аж. Нэгэнт та нохой тэжээж байгаа бол хэзээ вакцинжуулахыг заавал мэдэж байх хэрэгтэй.  

 

Юун түрүүнд нохойнд жилд нэг удаа галзуу өвчний эсрэг вакцин хийлгэх ёстой. Харин гөлгөн нохойд төрснөөс нь хойш 45 хоногийн дотор гурван төрлийн вакцин хийлгэх ёстой ажээ. Ингэснээр нохойг элэгний шар, гударга, парвовирус, леготоспириоз, короновирус, параэмфлиуза гэсэн зургаан төрлийн вируст өвчнөөс урьдчилан сэргийлдэг аж. Харин дөрвөн сартайгаас нь галзуу өвчний эсрэг вакцин хийлгэх бөгөөд үүнээс хойш жилд нэг удаа вакцин хийлгэдэг юм.

 

Юутай ч галзуу өвчний эсрэг вакциныг Монголоос хайгаад олохооргүй болжээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ