ХБХ-ийн хөгжлийн төвийн шавийг тавилаа

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас /ХАХНХЯ/ гаргасан судалгаагаар манай улсад 130 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд үүний 36 мянга орчим нь хүүхдүүд аж. Эдгээр хүүхдэд чиглэсэн сургалт, боловсрол, сэргээн засалт зэрэг цогц үйлчилгээ үзүүлэх төвийг барихаар болж талууд өнгөрсөн зургадугаар сард гэрээнд гарын үсэг зурсан юм. Харин өчигдөр тус төвийн барилгын шав тавих арга хэмжээ боллоо.

 

ХАХНХЯ “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төв” байгуулах төслийг 2013 онд боловсруулж, БНХАУ-ын Засгийн газарт хүргүүлсэн. Хятадын Засгийн газар энэ хүсэлтийг хүлээн авч 60 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар тус төвийг барьж өгөхөөр болсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн үндэсний төвийг Баянгол дүүргийн  XX хороонд 15 мянга орчим ам метр талбайд барих юм. Иймд барилгын шавыг Сонсголонгийн гүүр орчимд тавилаа. Барилгын ажил энэ сард эхэлж 2,5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус төв нь  250 ортой байх бөгөөд амбулаторын нөхөн сэргээх төв,  хүүхдийн хөгжлийн хоцрогдлыг элрүүлэх, сэргээн засах, тэдний эцэг, эхчүүд, гэр бүлийнхэнд нь  зориулсан сургалтыг зохион байгуулах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна. Мөн сэргээн засах чиглэлийн эмч, мэргэжилтэн, нийгмийн ажилтан, багш нарт зориулсан сургалт, судалгаа, шинжилгээний төв болох ажээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
эрдэнэ вангийн хийсэн ажил уу? боль
2016-09-09