УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй хэмээн үзлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ гишүүн Ц.Нямдорж АН-ынхныг Ерөнхийлөгчтэй хамтатган “Монгол төрийн замбараагүй байдлыг та нар бий болгосон” хэмээн томоохон банга хүртээв. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэд “Эрдэнэ ээ, хуулийн талаар надтай ярих хэрэггүй. Би чамайг тоож хууль ярихгүй” хэмээн томров.
Ц.Нямдорж “Таван хуулийн редакцийг сонсох, ёсчлох сарын хугацаа түрүүчийн их хуралд байсан. Гэнэт нэг өдөр АН-ын гишүүд ч, бид ч мэдээгүй байхад З.Энхболд чуулганыг хууль бусаар завсарлуулж, үүнийг дампууруулсан. Хариуцлага асуух гээд байгаа бол тэр З.Энхболдоосоо асуу. Өмнөх их хурлын замбараагүй, задгай байдалд энэ их хурлыг гишүүд хариуцлага хүлээхгүй. Тиймээс энэ хоригийг хүлээж авч болохгүй.
Та нар шүүхийн шинэчлэл хийж байна гэж 2009 оноос хойш Монголын хуулийн системийг бүхэлд нь самарсан. Тэр самарсан этгээдүүдийн нэг нь Ц.Элбэгдорж. Энэ улсад бий болсон замбараагүй нөхцөл байдал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой шүү. Та нар Монголын төрийг хэзээ самарч дуусах вэ. Хэзээ бах тав чинь ханах вэ? Одоо болоо юм биш үү” хэмээн чуулганы танхимаас хатуухан үгийг чулуудав.
В.Бат