Монгол Улс гүнээ харамсч байна

Энэ сарын 9-ны өдөр БНАСАУ цөмийн туршилт хийсэн. Энэ туршилтыг дэлхий нийт буруутгаж буй. Манай улсын Гадаад харилцааны яамнаас ч мэдэгдэл гаргаж, энх тайван, аюулгүй байдлын төлөө тууштай байр суурьтай байхаа илэрхийлжээ.
Гадаад харилцааны яамны мэдэгдэлд:
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр цөмийн туршилт хийсэнд Монгол Улс гүнээ харамсч байна.
Энэ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад сөргөөр нөлөөлж байна.
Монгол Улс Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахих, эл чиглэлээрх олон улсын яриа хэлэлцээг урагшлуулахын төлөө тууштай байр сууриа дахин нотолж байна гэжээ.
Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ “Хойд Солонгос санаатайгаар дайныг өдөөн турхирлаа. Тус улс олон сая хүний амь насыг заналхийллээ. Олон улс Хойд Солонгосыг дахин цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийлгэхгүй байлгахад анхаарлаа хандуулан тус улсын эсрэг хоригоо чангатгах хэрэгтэй” хэмээн мэдэгдээд буй юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ