Есөн иргэний хохирлыг барагдуулжээ

img

 

Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд  Бээжингээс Эрээн орох замд автобус осолдож, шатсан хэрэг гарсан. Уг автобусанд 37 монгол иргэн зорчиж явсан  гэдэг.

 

Тус автобус нь Бээжин-Замын-Үүд чиглэлд тээвэр гүйцэтгэдэг “Есөн луу” компанийн эзэмшил аж. Иргэд хохирлоо барагдуулахаар тус компанид өргөдөл гаргаж, шатсан эд зүйлсийнхээ үнийн дүнг баталгаажуулан өгчээ. Улмаар тус компанийн зүгээс иргэдийн хохирлыг бүрэн барагдуулах шийдвэр гаргажээ. “Есөн луу” компанийн зүгээс Эрээн дахь салбараараа дамжуулан иргэдийн хохирлыг барагдуулж эхэлсэн байна. Одоогоор есөн иргэний хохирлыг барагдуулсан бөгөөд нөхөн төлбөр олгох ажиллагаа явагдаж байгаа ажээ.

 

Гэвч гарсан хохирлыг бүрэн төлөөгүй, 60  хувийг нь олгосон гэх гомдлыг зорчиж явсан зарим иргэн гаргасан байна. Энэ талаар Консулын газрын захирал Я.Ариунболдоос тодруулахад “Аливаа юм баримттай байх ёстой. Тиймээс авч явсан барааны үнэ, амссан хохирлоо амаар хэлэх биш түүнийгээ гэрчлэх юм үзүүлэх хэрэгтэй. Ямар ч байсан бид болох хэмжээнд нь хөөцөлдөөд 37 иргэнийг бүгдийг нь хохиролгүй болгох шйидвэр гаргуулж чадсан. Харин иргэд хохирлоо барагдуулах баримтаа үзүүлэх нь зөв. Хэрэв үгүй бол бид нотолж чадахгүй. Зорчиж явсан иргэдийг тус компанийн зүгээс Эрээнд ирээд хохирлын төлбөрөө аваарай гэсэн юм билээ” хэмээв.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ