Барилгынхан борлуулалтын бодлогоор дэмжихийг хүсэв

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат барилгын салбарынхны саналыг сонслоо. Тэрбээр “Барилгын салбар ДНБ-ий өсөлтийг дангаараа хангаж байсан цаг бий. Өнөөдрийн байдлаар энэ салбарт доголдолтой зүйл бий болсон. Энэ бүхнийг засч байж салбарын цаашдын хөгжлийг авч явах юм. Засгийн газрын бүтцэд БХБЯ голлох хэвээр үйл ажиллагаагаа явуулж байна. Салбарын үйлдвэрлэлийн бодлогыг хариуцаж ажиллах чиглэлийг Засгийн газар барьж байгаа. Улсын үйлдвэржилтийн бодлого байх ёстой. Энэ нь салбарын уялдааг хангана. Гэхдээ тухайн салбарын үйлдвэржилтийн бодлогыг тухайн салбарын яам, мэргэжилтнүүд, үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын уялдаа холбооноос хамаарч бодитой үр дүнд хүрэх юм. Тийм учраас салбарын яам болгон дээр үйлдвэржилтийн бодлогыг барина” хэмээсэн юм. Ингээд барилгын салбарынхан байр сууриа илэрхийлэв.
Гадаадын хөрөнгө оруулалт татах хэрэгтэй
Монголын барилгачдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Б.Батбаатар:
-Барилгын салбарынхан өнгөрсөн баасан гаригт их хурлаа хийж, асуудлаа цэгцэлсэн. Барилгын салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлагатай боллоо. Энэ нь аймаг орон нутагт хэрэгжиж байгаа “1000 айлын орон сууц” хөтөлбөрийг, нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагч нар хамтарч ажиллах эхлэлээ тавьсан. Одоо Засгийн газраас орон сууцны борлуулалтыг дэмжих бодлого барих эсэхийг харж байна. Энэ чиглэлээр дэмжлэг үзүүлж өгөөч.
Барилгын салбарынхан өрийн сүлжээнд ороод байгаа. Үүнд арилжааны банкууд зээлийн талаар нааштай бодлого барьж, хүүгийн хүүгээс чөлөөлж, хугацааг нь сунгах хэрэгтэй байна. Барилгын салбарт хөнгөлөлттэй зээл олгоход дэмжлэг үзүүлнэ үү. Барилгын салбарынхан доголдохоор бригад хэлбэрээр ажиллах нь ихэслээ. Энэ чиглэлээр сургалтад хамруулж, бүртгэлжүүлэн, төсөл хэрэгжүүлмээр байна.
Ажил олгогчдыг дэмжсэн бодлого хэрэгтэй
Хүрд компанийн захирал Н.Энхжаргал:
-Барилгын салбарыг хөгжүүлэхэд гэр хорооллын дахин төлөвлөлтийг оновчтой хийх хэрэгтэй. Цомхон газар төлөвлөөд бодит үр дүн гаргахад анхаарна уу. Ажил олгогчдыг дэмжсэн бодлого хэрэгтэй байна. Барилгачдын цалин хөлс, тарифыг боловсронгуй болгох шаардлагатай байна гэсэн саналтай байна.
Цалингийн системийг боловсронгуй болгоё
Монголын барилгачдын ҮЭ-ийн хорооны дарга Н.Батцогт:
-Шадар сайд, БХБ-ын сайд, Хөдөлмөрийн сайдын гаргасан эрүүл ахуйн нийтлэг журам байдаг. Энэ журмыг цаашид хөгжүүлэх хэрэгтэй байна. Барилгын салбарынхны НД-ын баталгаажуулж, цалин системийг олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хийсэн судалгааны дагуу боловсронгуй болгох хэрэгтэй байна.
Норм, нормативыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлмээр байна
Монголын архитекторуудын холбооны ерөнхийлөгч Н.Хүрэлбаатар:
-Засгий газрын мөрийн хөтөлбөрт барилгын салбарт хийгдэх төсөл хөтөлбөр тодорхой заасан байгаа. Барилгын салбарын норм, нормативыг олон улсын хэмжээнд зааснаар хэрэгжүүлэх нь чухал. Монгол хүний үнэлэмжийг өндөрсгөх бодлого барьж байгаа нь хамгийн зөв. Манай архитекторуудыг Япон, Солонгос зэрэг орны барилгын салбарт гарч зураг төсөл хийн мэргэжлээ сайжруулах боломжтой.
Барилгын материал үйлдвэрлэгчдийг төрөөс олгож байгаа зээлд хамруулъя
Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Лхагвадорж:
- Төрөөс олгож байгаа зээлд барилгын материал үйлдвэрлэгчдийг хамруулж, зэрэг гурвалсан холбоо үүсгэмээр байна. Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд хөрөнгө оруулагч талынхаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг авдаг. Ингэснээр манай үйлдвэрлэл зогсдог. Энэ сүлжээг задлах боломж байдаг уу. Барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг хилээр оруулж ирэхэд гааль, НӨАТ-ын татвараас хассан. Гэтэл энэ удаагийн төсвийн хууль татвар авахаар заагдсан байна. Үүнийг анхаарч өгөөч ээ.
Төслийн удирдлагын тогтолцоонд шилжье
“NT констракшн”-ы Ерөнхий захирал Эрдэнэбат:
-Хөшгийн хөндий нисэх онгоцны буудал барих ажилд манай компани туслан гүйцэтгэгчээр ажилласан. Олон бэрхшээл асуудал тулгардаг юм байна. Манай барилгын туслан гүйцэтгэгч компаниуд ихэвчлэн гэр бүлийнх. Харин олон улсын компаниуд нь төслийн удирдлагын тогтолцоонд шилжсэн. Өндөр шаардлагатай юм байна. Тиймээс бид төслийн удирдлагын тогтолцоонд шилжих шаардлагатай байна. Яамны хэмжээнд боловсон хүчний мэргэшүүлэх сургалтын тогтолцоог шинэчилмээр байна.
Ажлын байрны түрээсийг хэрэгжүүлмээр байна
“Дэрэн” группын Ерөнхий захирал Н.Цэнд:
-Хямралаас яаж гарах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Дундаж давхрага буюу боломжтой байгаа хэсэг рү оффисын буюу ажлын байрны моргейж гаргаач ээ. Олон зарагдахгүй оффис байгаа байх. Үүгээр дамжуулаад ажлын байр, ажиллах орчин нь тогтвортой болдог. Тэтгэвэр тэтгэмжээс авдаг чадалтай өндөр настангууд байна. Тэд өөрсдийн бэлэн мөнгөө өгөөд асрамжийн газар байгуулж болох юм. Түрээсийн орон сууцыг ам.метр харгалзахгүй томруулж өгөөч. Түрээсийн орон сууц гэдэг оюутан гэлтгүй хэн боловч амьдран суух боломжтой.
Түрээсийн орон сууцыг үргэлжлүүлэх шаардлагатай
"Бэрэн" группын захирал Н.Мөнхтөр:
-Манайх гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлд ажилладаг. Мөн барилга барихад шаардлагатай ган төмөр, армуторыг үйлдвэрлэдэг. Гэр хорооллыг барилгажуулах нь маш зөв. Гэр хороолол хотынхоо төвөөр байрлаж байна. Гэр хорооллын иргэдийн орон сууц худалдаж авах чадвар муу. Тиймээс түрээсийн орон сууцтай бодлогоо уяж өгөх шаардлагатай.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ