Хөрөнгө зувчуулах нохой арга

img

Нийслэлийн нохойг багасгах аргыг хотынхон судалж байгаа гэнэ. Золбин хэсгийг хуучин аргаараа буудна. Харин эзэнтэй нохдод нь мэс засал хийх гэнэ. Анагаахын хэллэгээр бол үрийн сувгийг нь боох юм уу даа. Ингэхдээ нэг нохойны мэс ажилбарт 80-130 мянган төгрөг зарцуулах тооцоо хийгээд байгаа аж. Эцсийн тооцоо гараагүй ч хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө зарлагадна гэдгийг гэр хорооллын айл бүрийн хашаанд хуцах нохойгоор барагцаалж болно.

 

Нийслэл жилд нохой устгалд 800 сая төгрөг зарцуулдаг гэх мэдээ бий. Уг нь жил бүр 800 сая төгрөг зарцуулж байхын оронд үржил зогсоох нь зөв арга. Найдвартай хийж чадвал нэг удаа мөнгө зарцуулах ажил. Гэвч энэ ажил төсвийн мөнгөнөөс зувчуулах гэсэн нохой арга болж магадгүй. Нэг дарга түүний хамаатан садан, найз нөхөд, танил талын хамтарсан бизнес болохыг ч үгүйсгэх аргагүй. Нас барсан хүний нэрээр мөнгө авч, тухайн хаягт огт байхгүй хүнийг хэдэн жил амьдарсан хэмээн цаасан дээр бүртгэж чаддаг зувчуулагчид цөөнгүй. Тэдний жишгээр нохойгүй нэгнийг нохойтой болгож бичээд төсвөөс мөнгө хусаад байхыг үгүй гэх газаргүй. Тэгэхээр нэг нохойнд 80-130 мянган төгрөгөөр мэс засал хийнэ гэж ярихаасаа өмнө хичнээн нохой байгаа талаар нэгдсэн тоог дуулгах хэрэгтэй. Ядаж л эзэнтэй нохойны тоог яг таг гаргасныхаа дараа төсвөөс гаргах мөнгөнийхөө тухай ярьсан нь зөв болов уу.  

 

Дээр нь өнөөдөр нохойнд хөрөнгө зарцуулах цаг мөн үү. Хөрөнгө оруулалтын ажлуудаа зогсоож, хүүхдийн мөнгөө танаж, цэцэрлэггүй хэдэн мянган хүүхэд азгүйгээрээ дуудуулж байхад нохойнд мөнгө гаргах нь үнэндээ бол илүү зан. Харин 14 жилийн дараа шинэчилж байгаа журмандаа нохойны эзэнд хатуухан хариуцлага ногдуулах тухай тусгах нь зүйтэй. Нохойнд мэс ажилбар хийх зардлыг эзэн гаргана. Эс бөгөөс нохойнд нь буу тулгахаас өөр аргагүй журмыг гаргаж, хэрэгжилтэд нь дорвитойхон хяналт тавьж, ажил хэрэгч байдлаар хандчихвал зах зухаасаа шийдэгдэх асуудал.

 

Мэргэжлийн Засгийн газар хэмнэлт хийх тухай ярьж байгаа. Тиймдээ ч хүүхэд бүрт сард олгодог байсан 20 мянган төгрөгийг алагчилж олгохоор болсон. Нийт хүүхдийн 60 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгож, үлдсэн 40 хувьд төр хадгаламж нээж өгөх гэнэ. Ингэж Засгийн газар харганын ноосыг түүж эсгий хийх тухай ярьж байхад хотынхон харин нохойнд хэдэн тэрбумаар мэс засал хийхээр тооцоо судалгааг нь яаравчилж байгааг бизнес гэж харагчид цөөнгүй байна.

 

Нохойны үржлийг зогсоох ажлыг буруутгасангүй. Харин цагаа олсон эсэх болоод зарцуулах хөрөнгө хаанаас гаргах, ямар журмаар хэрэгжих зэрэгт эргэлзээ төрүүлэх олон асуудал байна. Төсвийн мөнгийг зувчуулах нохой санаатнууд олон бий учраас хэлсэн ярьсан зүйл хийдэг дээрээ тулахад өнгөө ихээхэн өөрчилдгийг санахад илүүдэхгүй.

 

В.Хэрлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
xognii shar uuttai adil bizness bna
2016-09-22
Зочин:
Шал худлаа бизнес мөнгө цохих гэсэн явуургүй арга.
2016-09-22
Baruund:
Baruund 5 dollor unetei teem haichilbar. Manaihaar 2500 0togrog . Youn huga muga business be.
2016-09-22
зочин:
Нохойн эзнээс мөнгийг нь гаргуулаад мэс засал хийх нь зөв . Тэгвэл 80-130 мянга гээд байгаа үнэ ч гэсэн бодит байдалдаа шилжээд 50-80 мянга болж буурах магадлалтай. Учир нь тендер энэ тэр гээд баахан авлига явна. Тэр зардлаа нөхөх гээд үнэ нь 80-130 мянга болчихоод байгаа юм ш дээ
2016-09-22