Ц.Гарамжав хүргэнээ Оюутолгойн ТУЗ-д оруулжээ

Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын Засгийн газар, УИХ-аас гаргаж буй, гаргахыг завдсан олон тогтоол шийдвэрүүд нь сонгогчдоо “гомдоогоод” буй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд золбин нохдын савыг авах, спираль тавихад зориулж таван тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл санаачилсан нь сошиал орчинд иргэдийн эгдүү, зэвүүцлийг дагуулаад байна. Энэ нь угтаа “Цэвэр агаар” сангийн адилаар эцэс төгсгөлгүй зувчуулалт, идэж уусан зүйлүүд ар араасаа хөврөхийн үндсийг эхлүүлсэн хэрэг юм.
Мөн Mining journal сэтгүүлийн өнөөдрийн мэдээгээр Оюутолгой компаний ТУЗ-ийн Монгол талын гишүүдийн томилгоог танилцуулжээ. Эдгээрт Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Ч.Алтаннар гэсэн гурван эрхэм багтаж байна. Иргэдийн дунд “Бас л Багабанди уу” гэсэн яриа гарсныг эс тооцвол эхний хоёр томилгоог “хэвийн” хүлээж авав.
Харин Ч.Алтаннарын хувьд асуултын тэмдэг үүслээ. Энэ нь МАН-ын алтан ургийн мод буюу садан төрлөө албан тушаалд байршуулах үйлдлүүд хэрээс хэтэрч, мод нь өдөр ирэх бүр аварга том болж ургасаар байгаагийн нэг жишээ болов. Энэ томилгоогоор Оюутолгой компанид Ц.Гарамжав гишүүний гар гүнзгий дүрэгдлээ хэмээн үзэх хүмүүс нэлээд байна.
Харин хүргэн Ч.Алтаннар нь хадмынхаа үгнээс гардаггүй, энгийн нэгэн математикч залуу гэнэ лээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ