Археологийн судалгааг танилцуулна

img

Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Осакa их сургуультай хамтран ”Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

 

Тус хурлаар Монголын зүүн бүс нутагт сүүлийн жилүүдэд хийгдсэн археологийн хайгуул болон малтлага судалгааны үр дүн, түүх соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар илтгэл хэлэлүүлэх аж.

 

Эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, Улаанбаатар Их сургууль, БСШУСЯ-ны Соёлын өвийн төв зэрэг байгууллагын төлөөлөл эрдэмтэн судлаачид оролцоно. Мөн  Япон улсын Осака Их сургуулийн профессор Такаши Осава, Отани Их сургуулийн профессор Такаши Мацүкава, Нарагийн Соёлын өвийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Хироши Ямагүчи, АНУ-ын Йелийн Их сургуулийн профессор Уиллиам Ханичёрч, БНХАУ-ын Ардын Их сургуулийн профессор Вэй жянь, БНСУ-ын Далайн соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн доктор Юн Хён Вон, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Түвд, Буддын судлалын хүрээлэнгийн доктор Н.В.Цыденова нарын гадаадын судлаач оролцоно. Судлаачид нийт 30 гаруй илтгэл хэлэлцүүлэх юм байна.

 

Тус хурлыг Монгол-Японы хамтарсан "Дорнод Монголын эртний Түрэгийн үеийн түүх, археологийн судалгаа" эрдэм шинжилгээний төслийн хүрээнд санаачлан Япон улсын элчин сайдын яам /Embassy of Japan in Mongolia/, Япон сан /Japan Foundation/-гаас дэмжин зохион байгуулж буй юм.

 

Тус хурал “Улаанбаатар” зочид буудлын “Хархорин” танхимд эхэллээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ