О.Оджаргал: Нохой устгалд жилд 890 сая төгрөг зарцуулдаг

Золбин нохой, муур устгах ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны тохижилт хог хаягдлын удирдлагын ахлах мэргэжилтэн О.Оджаргалаас тодрууллаа.
-Золбин нохой устгахад таван тэрбум төгрөг төсөвлөсөн гэх яриа гараад байна.
-Захирагчийн ажлын албанаас хариуцан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, төвийн 6 дүүрэг болон алслагдсан гурван дүүрэгт нохой устгалын ажлыг өнөөдрийн байдлаар буудах буюу уургалах, тор тавих аргаар устгаж байна. Тэгэхээр нэг нохойнд 130 мянган төгрөгөөр мэс ажилбар хийнэ гэдэг нь ор үндэслэлгүй зүйл юм.
-Огт тийм зүйл байхгүй гэж үү?
-Ор үндэслэлгүй гэвэл бас ташаа мэдээлэл юм. Бид ХААИС, мал эмнэлгийн байгууллагатай хамтран тодорхой хэмжээний судалгааг хийж байна. Тэгэхээр энэ асуудал яригдаж байгаа төдий юм. Түүнээс цаасан дээр буугаад батлагдсан зүйл одоогоор алга.
-Эм нохойнд СПЭЙ тавина гээд байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Спэй гэдэг нь охин нохойны өндгөвчийг савтай нь авах мэс ажилбар. Бид журамдаа үржлийг хязгаарлах гэсэн нэр томъёогоор оруулсан байгаа. Одоогоор энэ ажил нь үр дүнтэй эсэхийг судалж байна. Золбин нохойнд спэй хийхгүй, эзэнтэй нохдод хийх тухай асуудал яригдаж байна.
-СПЭЙ тавьбал 12 жилийн дараагаас нохойнд хавдар үүсэх өндөр эрсдэлтэй гэж малын эмч нар хэлж байна?
-Энэ бүгдийг ажлын хэсэг судалж байгаа. Ажлын хэсэгт Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалийн төв болон бусад эрдэмтэн докторууд орж ажиллаж байна. Тиймээс маш чамбай шийдэлд хүрэх болов уу гэж бодож байна.
-500 саяын үнэтэй нохой устгах зуух бий. Энэ зуухыг ашиглаж байгаа юу?
-Зуух ямар ч байсан ажиллаж байгаа. Хүчин чадлын хувьд одоогийн байдлаар устгаж байгаа нохойны хэмжээнд ажиллаж чадахгүй байна.
-Айлууд охин гөлгийг гудамжинд төөрүүлдэг. Үүнийг журмаар зохицуулах уу?
-Бүгдийг журмаар зохицуулна. Журманд гөлөг төөрүүлэх зэрэг асуудлыг татварын системд шилжүүлж, шинэчилсэн найруулгаар оруулж байгаа. Иргэдээс ч санал авч байгаа.
-Золбин нохой устгахаар гэрээ байгуулсан компаниуд жингэр нохойг үржүүлээд гөлөгнийх нь тоогоор мөнгө авдаг гэх яриа байна.
-Бидэнд тэр талаар мэдээлэл ирээгүй байна. Бид үзэж шалгая.
-Нэг нохой устгахад хичнээн төгрөг өгдөг вэ?
-Нохой устгалын ажил дээр НИТХ-ын 2002 оны тогтоолоор үнэлгээ тогтоож ажилладаг. Энэ үнэлгээ нь өнгөрсөн жилээс 12 мянга 500 төгрөг болж батлагдсан. Энэ үнэлгээний дагуу нохой устгалын ажил явагдаж байгаа.
-Жилд хичнээн төгрөг зарцуулдаг вэ?
-Нэг жилд нийслэлийн төсвөөс 890 орчим сая төгрөгийг зарцуулдаг.
-Устгасан нохойгоо хаана булдаг вэ?
-Улаанбаатар хотод албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа төвлөрсөн гурван хогийн цэг байгаа. Үүнээс “Цагаан даваа” болон Нарангийн энгэр дээрхи хогийн цэг дээр устгасан муур, нохойны сэг, зэмийг булдаг байгаа.
-Нийслэлийн хэмжээнд хичнээн золбин нохой бий вэ?
-Нийслэлийн хэмжээнд тойм судалгаагаар 320 орчим мянган нохой, муур байдаг. Үүнээс жилд 70-90 мянгыг устгадаг.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ