АН-ынхан ”булшныхаа нүх”-ийг өөрсдөө ухаж байна даа

Яг өнөөдрийн нөхцөл байдлыг харахад, АН-д эмгэнэл илэрхийлье гэж хэлэхэд арай зөөлдөх гээд байна. Тэд өөрсдийнхөө булшны нүхийг өөрсдөө ухаад эхэллээ. УИХ, нийслэлийн сонгуульд далаараа тавиулсан. Одоо орон нутгийн сонгууль болох гэж байхад дотроосоо “алалцсан" хэвээр.
Уг нь ч бие биеэ шүүмжилж, янз бүрээр хэлэх дуртай хүмүүс. Түүнийгээ дотоод ардчилал хэмээн өмөөрөх нь бий. Тэгвэл одоо хэвлэлээр, цахим ертөнцөөр дайтаж эхэллээ. Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөрхөн Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёр намайг хэмлэж эхэллээ гээд л бичив. Гэтэл нийлээд байгаа гээд буй хоёр нь нэгийгээ үзэж чадахгүй би, чи болоод байгаа.
Дээрээс нь З.Энхболд гэж нэг хүн бий. Түүнийг ч гэсэн хэмлэх нөхдүүд маш их байна. Ядаж байхад шинэчлэл ярьж, дүрдээ итгэсэн хэдэн залуучууд гарч ирээд, энд тэнд ардчиллын нэр барьж холбоо байгуулаад л давхиад байна. Юугаа ч шинэчлэх гээд байгаа юм бүү мэд. Ойрын үед Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулж, баривчлах гэнэ.
Өөрөө л тэгж ярьсан. Тэгвэл энэ хэргийн цаана Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж хоёр байгаа юм байх аа. Хэзээдээ ч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Н.Алтанхуягтай сүжрээд, элдэв зүйл хийгээд яваад байгаа юм, бүү мэд. Энэ хоёр хүн өөр өөр фракцийнх. Н.Алтанхуягийн Засгийн газар унасан нь АН-ынхны өөрсдийнх нь хийсэн ажил. Сүүлд нь хэрэгтэн болгох гэж “Нүүрс” хөтөлбөрөөр далимдуулж яаж дайрлаа. Энэ бүхний ард Ерөнхийлөгч тодорхой хэмжээнд байсан гэсэн хардлага явдаг. Тэр утгаараа энэ хоёр хүн нийлж Э.Бат-Үүл рүү дайрмааргүй л санагдах юм.
Өнөөх улс төрд мөнхийн нөхөр, дайсан гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж бий гэдэг нь болсон юм байлгүй дээ. З.Энхболдын тухайд намын даргын тамга, суудлаа тийм ч амархан тавиад туучихыг хүсэхгүй байгаа бололтой юм. Тэрбээр сонгуулийн дараа Л.Эрхэмбаяр бид хоёр хариуцлагаа үүрнэ гээд л сүрхий соёлтой загнаад байсан. Одоогоор яг даргын албаа өгчихсөн юм алга. Улсын дээд шүүх дээр АН-ын дарга З.Энхболд гээд бүртгэлтэй байгаа. ҮЗХ-ны хурлаа хийж, орон нутгийн сонгуулийн өмнө даргаа солино гэж байсан ч тэгсэнгүй. Ингэж хардахын учир нь, Н.Алтанхуягийн хүн гэгддэг Цөмийн энергийн газрын дарга асан Н.Тэгшбаяр гэдэг нөхөр саяхан өгсөн ярилцлагадаа ийм утгатай юм ярьсан байна билээ.
Тэрбээр “З.Энхболд АН-ын дарга гэсэн статустайгаа байж л байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл тэр хүн баруун гараараа намын даргын суудлаа өгнө гэж хошгируулсан атлаа зүүн гараараа тамгаа тас атгачихаад сууж байгаатай яг адил. Нэг их шударга хүн. Тэгсэн атлаа хоёр нүүртэй. Ер нь нэг хүн хоёр нүүртэй байж болохгүй” гээд л сүрхий хатуу үгс чулуудсан байсан. Гэх мэтээр АН-ынхны өөрсдийнхөө тухай ярьсан муу муухай бүхнийг бичнэ гэвэл цаг, цаас хоёр багадана. УИХ-ын гишүүн Ж.Батзандан л гэхэд намынхаа нөхдийн талаар хайр найргүй л ярьсан байгаа.
Энэ бүхэн ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх “дайн” гэж харах хүн олон байна. Өнөөх “Монголоо бодож сэрлээ” гээд хашгираад байдаг нэг нөхөр байдаг даа.
Тэр хүн л МАН-ын нэг уяачтай хамтраад, ирэх жил Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй байх арга хэрэглээд байгаа гэсэн хардлага ч байна. Ямар ч байсан АН-ын энэ бүх толхилцоон сайн юманд хүргэхгүй нь тодорхой. Монголд Ардчилал гэж алга болж. Ардчилсан нам ч гэж байхгүй болж мэдэх. Тэд өөрсдийнхөө булшийг өөрсдөө ухаж, булшин дээр нь МАНАН гэгдэх нэгдлийн нөхдүүд маань унших нь бололтой.
Эх сурвалж: mminfo.mn/ Н.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ