Хазгай гишгэвэл цагдаад дуудагдана

Сум дүүргийн ИТХ-ын нэр дэвшигчид өөрсдийн бэлдсэн фото самбаруудаа гадагшлуулж эхэллээ. Гудамж талбай зам хорооллын дунд нүдэнд дулаахан “поз” барьсан нэр дэвшигчдийн зурагт самбар эгнээ байраа эзэлжээ. Энэ нь хуульд зааснаар сум, дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлж байгаа хэрэг. Энэхүү мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сонгогчиддоо өөрийгөө таниулах сурталчилгаа 17 хоног үргэлжилнэ.
Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7282 мандатын төлөө өрсөлдөөнөө эхлүүлж байна. Нийт нэр дэвшигчдийн 700 гаруй нь бие даагч нар байгаа юм. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвсэл нэр дэвшигчдээ гараанд гаргажээ.
Сая илүү хүнтэй Нийслэлийн хувьд Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт тус бүр 35 мандат, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр 41 мандат, Багануур, Налайхад тус бүр 25 мандат, Багахангайд 17 мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөж байна.
Зуны халуунд огцом савалсан сонголт хийж МАН-ыг сонгосны дараа иргэд энэ сонголтоо баталгаажуулах уу, сануулга өгч нөгөө талд сонголт хийх үү гэдэг талаас нь энэ сонгуулийг ажиглагчид их сонирхож байна.
2012 онын сонгуулийн дурсамжаар харах юм бол АН их хуралд олонх болсон ялалтаа орон нутгийн сонгуульд бататгаж ихэнх аймаг, дүүрэг, суманд засаглалаа тогтоож байлаа. Энэ жилийн хувьд яг үүний эсрэгээрээ эргэсэн байдалд орон нутгийн сонгууль эхэлж байна.
Сурталчилгааны хувьд Орон нутгийн сонгуульд УИХ-ын сонгуулийн хуультай нэг адил хатуу хууль үйлчилнэ. Хазгай гишгэвэл нэрээ татуулах эрсдэлтэй тул нэр дэвшигчид тун даруухан сонгуульдах болов уу.
Сонгуулийн тухай хуульд зааснаар сурталчилгааны үеэр хууль бус сурталчилгаа хийж байгаа нэр дэвшигч, нам, эвсэл гарвал иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой. Энэ заалтыг зарим нь хэт бүтээлчээр ашиглан өрсөлдөгчөө алхам бүрт "тагнан" хууль зөрсөн гэсэн нээнтэг-ээр нэг нэгийгээ ээлжлэн цагдаад өгч байсан Их хурлын сонгуулийн дүр зураг давтагдах магадлалтай.
Сум дүүргийн ИТХ-н сонгууль ирэх 19-нд нар битүү эхлэнэ. Иргэдийн минь сонголт мэргэн байг.
П.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ