XXI зууны Монгол Улс хүүхэд багачуудаасаа “татгалзаж”, дэлхийн чихийг дэлдийлгэх дээрээ тулав бололтой. Эрх барьж байгаа улс төрийн хүчин нь энхрий бяцхан үрсээсээ нүүр бууруулж, тэдний амар амгалан орчинд өсч бойжиж болохгүй, гэрт нь цоожлоод үлдээж бай, гал усны аюулд өртвөл хохь нь л биз гэх холгүй шийдвэрийг гаргах нь тэр. Ийм шийдвэрийг гаргахдаа эрх баригчдын гар нь ч чичирч, хоолой нь ч зангираагүйг бодоход Засгийн газрын эрхэм гишүүд хийгээд Сангийн дэд сайд Х.Булгантуяа тэргүүтэй нөхдүүд лав үр хүүхэдгүй, хэзээ ч үрийн зулай үнэрлэхгүй, тэдний үр хүүхэд ч үндэслэхгүй улс байх аа.
Ер нь улс төрийн хүчинд хүүхэд ямар буруутай юм бэ. Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш хүүхэд гэхээр зүс нь харлаж, хүрлийчихээд гээд улсын төсвийг хасна, танана, хэмнэх болохоор хамгийн түрүүнд хүүхэд, багачуудаас эхэлдэг улс орон манайхаас өөр байдаггүй л болов уу, дэлхий дээр.
Мэргэжлийн гэх гоёмсог "даашинзаас” өөр тодотголгүй Засгийн газар байгуулагдсан даруйд л Монгол Улс эдийн засгийн хувьд элгээрээ хэвтэх нь байна, иймээс хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгоно гэж тэнэгтсэнээ нийгмийн эсэргүүцэлтэй тулгарсны эцэст сая нэг хуучин хэвээр нь олгохоор болсон ч өнөөдрийг хүртэл хүүхдийн данс руу нэг ч төгрөг ороогүй, эцэг эхчүүд банкуудын үүдээр чимээ чагнан эргэлдсээр байгаа.
Үнэн хэрэгтээ эрх баригчид цаашлаад Сангийн сайд С. Чойжилсүрэн, дэд сайд Х.Булгантуяа хоёр хүүхдийн мөнгийг хасч чадаагүйдээ хор шар нь хөдлөн, санасандаа хүрэх арга олсон нь Хүүхэд харах үйлчилгээг зогсоох тухай шийдвэр гаргасан явдал. Үүнийг хүүхдүүдээс өшөө авч байна гэхгүй юм бол өөрөөр юу гэж тайлбарлах билээ. Дэлхий дээр сургуулийн өмнөх боловсролын асуудлыг төгс утгаар нь шийдэж чадалгүй шинэ зуунтай золгосон цорын ганц орон нь Монгол Улс байж болох юм.
Статистик мэдээллээр өнөөдөр 0-5 насны 56 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаагийн улмаас “азтай нь” эмээ, өвөө дээрээ үлдэж, азгүй нь цоожтой гэрт хаалга хэзээ онгойж, нар хэзээ баруун хаяа руу жаргахыг хүлээж цөхөн өдрийг барж байна. Хүүхэд ийм нөхцөлд өсч бойжин, ийм амьдралыг мэдэрч өсөх хэрэг үү. Харгалзах хүнгүй, цоожтой гэрт үлдэж үлдсэний улмаас хичээн хүүхэд галд өртөн амьдаараа шатаж, хорвоог орхисон байдаг билээ.
Гэтэл энэ бүхэн МАН-д хамаагүй, хүүхдийн мөнгийг, хүүхэд харах үйлчилгээг хааж байвал л санаа нь амрах бололтой. Ийм төртэй улс, ийм үзэл бодолтой эрх баригчтай байхад “ Монголын үрс маш олон болтгуай” гэж хий хашгираад яах юм. Түүний оронд Монголын эмэгтэйчүүд төрж болохгүй, байгаа ганц хоёроосоо даруй татгалзаж, хар гэрт хийж цоожлоод орхисугай” гэвэл МАН-ын бодлогод нийцэх бололтой.
Үнэндээ хүүхэд харах үйлчилгээг санаачлагчид асуудлыг бага боловч хүрээнд шийдэхийн тул ийм арга хэмжээг авч, хуулийн төсөл боловсруулсан нь дамжиггүй. Алдаа оноо байсныг үгүйсгэхгүй. Цаг хугацааны явцад засч залруулах боломж байсан уу гэвэл байсан. Ямартай ч цэцэрлэгт явах эрхээ сугалж чадаагүй 9000 орчим Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байсан байна. Тэр хэрээр тэд эрүүл, аюулгүй орчинд өсч торниж, эцэг эх нь сэтгэл амар ажлаа хийдэг байсан нь мэдээж. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан нэг хүүхдийн хувьсах зардал, хоолтойгоо нийлээд 115 мянган төгрөг юмсанж. Булгантуяа даргын найздаа бэлэглэдэг үнэртэй усны үнэд хүрэхгүй мөнгө. Яах вэ, олны олон 9000 хүүхдийн хувьсах зардал, багш нарын цалин хөлс гэхээр жилийн эцсийн дүн нь овоо өндөр тоо гарах л байх.
Гэвч дарга нарын өрөөндөө засвар хийлгэж, тохижуулсан хөрөнгө, томилолт нэрээр дэлхийг тойрч аялдаг мөнгө, албан тушаалын хахуульд өгсөн мөнгө, гар утасны төлбөр, шатахууны зардал зэрэгтэй яаж дүйцэв гэж. Хүүхэд, хөгшдөд мөнгө зарлаа хэмээн бухимдаж, гар нь чичирч суух хүн Монголын нийгэмд МАН-ын шийдвэр гаргах түвшний нөхдөөс өөр байхгүй шүү дээ. Цаг цагаараа байдаггүй билээ. Яасхийж байгаад 2021 оны босгыг давая даа. Тэр болтол хэдэн хүүхдээ гэртэй нь шатаачихалгүй эсэн мэнд байлгах юмсан даа.
Хүүхдийн хувь заяаг бодож МАН-ын эрх баригчид, Х.Булгантуяа дэд сайдаас гаргасан шийдвэрээ буцаагаач гэж гуйя. Эцэст нь хэлэхэд, эрхэм дэд сайд аа, та аль нэг дүүргийн Хүүхэд харах үйлчилгээний байгууллагаар ороод гараарай. Нялх хүүхдийн үнэр хэчнээн гоё, энерги нь хэчнээн ариун гээч.
Х.Норжин
mminfo.mn