Эртэч эрхмүүд

img

 

Нийслэлийн хамгийн эртэч хүмүүсийн багцанд нийтийн тээврийн үйлчилгээ, тохижилтийн ажилтнуудаас гадна орон нутгийн сонгуульд нэр дэвшиж байгаа эрхмүүд тодроод байна. Нэр дэвшигч эрхмүүд Төрийн дуулал эгшиглэхтэй уралдан босч, нийтийн тээвэр, хот тохижилтын ажилтнуудтай зэрэгцэн тойргийнхоо нутаг дэвсгэр дэх гудамж талбайд сурталчилгааны самбараа байршуулж, иргэдийг сургууль, цэцэрлэгийн хүүхдээ хүргэж, ажилдаа яаран гэрээсээ гарахад угтан тосч, мэнд мэдэн нэрийн хуудсаа тараасаар. 

 

Жижиг тойргоор явагдаж байгаа энэ удаагийн сонгуулиар нэг хороонд нэг намаас 2 нэр дэвшигч баг болон бусад улс төрийн хүчнээс нэр дэвшигчидтэй өрсөлдөж байгаа. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар нам, эвслийн сонгуулийн сурталчилгааны багтаа ажиллаж, ажиглаж туршлага суусан хашир эрхмүүд сум, дүүргийн иргэдийн хуралд өрсөлдөж байна. Тиймээс ч тэд энэ удаад цэнхэр дэлгэцийн ард эсвээс  сонин, сэтгүүлээр дамжуулан сонгогчидтойгоо мэндчилж, өөрийгөө танилцуулж, мөрийн хөтөлбөрөө хүргэхийг урьтал болгосонгүй. Мэдээж, улс төрийн хүчнээс нь нэр дэвшигчдийнхээ танилцуулга, мөрийн хөтөлбөрийг нэгдсэн байдлаар боршур, сэтгүүл, сонин хэвлүүлж өгсөн байна лээ. Нэр дэвшигчдийн хувьд эхний ээлжинд сурталчилгааны самбар, нэрийн хуудсаа хэвлүүлэхэд хангалттай аж.  

 

Ингээд л нэр дэвшигчид тойргийнхоо нутаг дэвсгэрээр явж, айлуудын хашааны хаалгыг тогшиж, иргэдтэй уулзаж явна. Ер нь тэгээд тэд тойргийнхоо нутаг дэвсгэрийн орчин, иргэдийн амьжиргааг мэдэхээс эхлээд олон зүйлтэй танилцаж яваа байх. Ёстой айл өрхүүд талхаа таллаж авч байна, аль хэсгийнхэн ажилтай, амьжиргаатай, аль хэсэгт амьжиргааны түвшин доогуур өрхүүд байна гээд нийгмийн амьдралын олон өнгө, дүр зураг харагдах биз.

 

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн зарим нь хороо дүүрэгтээ төдийгүй олон нийтэд танигдсан эрхмүүд. Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү С.Эрдэнэ, УИХ-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан, дуучин Баажи гээд дурдаж болно.

 

Сөрөг хүчин АН-ын хувьд эрх баригчдыг амлалтаасаа буцсан хэмээн ахиад сонгохгүй байхыг иргэдэд ухуулж явна. Хэрвээ АН-ынхныг сонговол өнгөрсөн дөрвөн жил хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлж, “Сайн хашаа”, “Сайн хувьцаа” зэрэг УИХ-ын сонгуулиар дэвшүүлж байсан хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхээ сурталчилж байгаа.  

 

Харин эрх баригч хүчин МАН-аас нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, тойргийнхоо нутаг дэвсгэрийн онцлогоос шалтгаалж, тулгамдсан асуудлыг тусган, тухай бүрт нь шийдвэрлэхээр хүчин зүтгэнэ гэсэн сурталчилгаа өрнүүлж байна. Бүх түвшинд манай намыг сонговол бид хамтдаа хийгээд өгнө гэсэн ерөнхий уриатай оролцож байгаа юм.

 

Нөгөөтэйгүүр гудамж, талбайгаар явахад сонгуулийн сурталчилгааны том том зурагт самбар нүүр тулаад, олон нийтийн бухимдуулаад байхгүй, сонгогч бидэнд ч таатай л байна. Ийнхүү өнгөрсөн бямба гаригт эхэлсэн орон нутгийн сонгуулийн сурталчилгаа нийслэлд нам жимхэн үргэлжилж байна. 

 

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 19-нд явагдана. Орон нутгийн сонгуультай холбогдуулан УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногоос түр завсарлана. Харин орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ирэх өдрүүдэд ширүүсч магадгүй. АН даагаа нэхэж, МАН амжилтаа бататгахаар хоёр том намын дунд өрсөлдөөн ширүүснэ гэж зарим ажиглагч үзэж байна лээ.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tatahneee yag hahahhahahaha:
Araichdee hahahah turuulj orood zurgiin avaad ch bjaah shig yu dutlaa gej wee hahah dombrookuud
2016-10-06
Зочин:
хошин шог хийчих юм аа.нэг нь хашаан дотор түрүүлж ороод шагайж байгаа зургийг нь аваад ч байх шиг хахаха
2016-10-06
Зочин:
Тухайлбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү С.Эрдэнэ, гэнээ хаха. хүү нь юм бол Э.Эрдэнэ байлгүй дээ. УИХ-н С.Эрдэнэтэй андуурав уу
2016-10-06
Зочин:
Hahaha shog garuud
2016-10-06