Тааз нурах үед хүн гэмтээгүй

Нийслэлийн “Өргөө” амаржих газрын өргөтгөлд байрлах Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн хагалгааны гуравдугаар өрөөний тааз нуржээ. Энэ талаар тус эмнэлгийн удирдлага эмч нар мэдээлэл хийлээ.
Энэ сарын 5-нд 13.20 цагийн орчимд тус эмнэлгийн мэс заслын тасгийн хагалгааны гуравдугаар өрөөний тааз болон агааржуулалтын хоолой нуржээ. Тухайн өдрийн 10.00 цагт эхний хагалгааг хийх үед өрөөний агааржуулалтын хоолойн боолт унасан учраас дараагийн 13.00 цагийн хагалгааг өөр өрөөнд хийжээ. Энэ үед тааз нурсан гэдгийг эмч нар хэлж байна. Тааз нурах үед өрөөнд хагалгаа хийгээгүй эзгүй байсан учраас хүн бэртэж, гэмтээгүй байна.
Тааз нурсан даруйд эмнэлгийнхэн онцгой байдал, Нийслэлийн мэргэжлийн хяналт, цагдаа, Нийслэлийн холбогдох албаныханд хандаж, нөхцөл байдлыг танилцуулсан байна. Тааз нурсан нь стандартын бус бэхэлгээ, барилгын материал ашигласантай холбоотой гэдгийг мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар дүгнэсэн байна.
Тус эмнэлгийн барилгын ажлыг гадаадын буцалтгүй тусламжаар “Цаст констракшн” ХХК гүйцэтгэжээ. Улмаар 2013 оны хоёрдугаар сард улсын комисс хүлээж авсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ