Мөнгөний эрэлд

img

Улсын төсөв тэрбумаар хэмжигддэг байсан тээр жилүүдэд алдагдлаа тухайн жилдээ “урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд” л зохицуулчихдаг байлаа. Учир нь тэр үед өнөөдрийнх шиг Оюутолгой, Тавантолгой гэх мэтээр хуруу даран тоолж, бүрдүүлэх орлогыг нь урьдчилан тооцоод байхаар стратегийн том том орд нээгдээгүй байсан үе.Улсын төсвийг бүрдүүлдэг “Эрдэнэт” гэх ганцхан саалийн үнээнийхээ орлогыг жилийн төсөвтөө шингээчихдэг байсан цаг. Үнэхээр ч урьдчилан тооцоолсноор жилийн эцэст орлого, зарлага тэнцээд явчихдаг байсан. Харин өнөөдөр бүхэлдээ Монголын мэдэлд шилжсэн “Эрдэнэт”-ийн овоо “манан”-тай, ирэх онд төсөвт хичнээн хэмжээний орлого бүрдүүлэх нь тодорхойгүй, “найдваргүй татвар төлөгч” болоод байгаа.

 

Учир нь энэ оны есдүгээр сарын байдлаар “Оюутолгой” 264 тэрбум төгрөгийг төсөвт бүрдүүлсэн байхад ижил үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт”-ийн бүрдүүлсэн орлого дүн олны дунд эргэлзээ үүсгэсэн. Нэгэнтээ “Эрдэнэт”-ээр улстөржсөн энэ үед тус үйлдвэрийн удирдлагууд хийгээд улстөрчдийн алиных нь хэлсэн зөв эсэхэд олон нийт эргэлзэж байна.

 

“Эрдэнэт”-ээр улстөржсөн энэ цаг хугацаа бол хууль тогтоогчид 2017 оны улсын төсвийг батлахаар завгүй хэлэлцдэг үе.

 

Хуулиар тогтоосон хугацаатай уралдан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын намрын чуулганаар 2017 оны улсын төсвийг хэлэлцээд эхэллээ. Хэдхэн жилийн өмнө хоёр оронтой тоонд байсан эдийн засгийн өсөлт эдүгээ нэг оронтой тоонд хүрсэн. Тэр дундаа эдүгээ ганц тоонд байгаа эдийн засгийн өсөлтийг ямартай ч олон тоонд хүргэх зорилт энэ Засгийн газар өмнөө тавьж, 2017 онд 3.0 хувьд хүрнэ гэж тооцож байгаа аж.

 

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5.974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8.564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцжээ. Үүн дотроо ирэх онд 6.6 их наяд төгрөгийн зээлийн хүүг төлнө.

 

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төсвийн хэт тэлсэн бодлого, төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагаас сүүлийн үед гаргаж буй тайлан мэдээлэл, бие даасан судлаачдын дүгнэлтэд санал нэгтэй дүгнэж байгаа. Эрх баригч хүчнийхэн төсвийн алдагдал энэ хэмжээнд хүрсний бурууг өнөөдрийн сөрөг хүчин рүү чиглүүлж байгаа. Харин сөрөг хүчин АН-ынхан “Ирэх оны төсвийн алдагдал их хэмжээнд хүрсэн нь манай намыхны тавьсан өр биш. Учир нь “Чингис” бондын зээлийн эргэн төлөлт 2018 оноос эхэлнэ. МАН өөрсдийн Засгийн газрын үеийн тавьсан өрийг төлөх гэж байна” хэмээн тайлбарлаж буй.

 

Ер нь аль ч намыг эрх барьж байх үед тавьсан өр, зээлийн эргэн  төлөлт байх нь өнөөдөр гол асуудал биш. Монгол Улсын төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтаа хэрхэн нэмэгдүүлэхэд ухаанаа уралдуулж, авсан зээлийн хүүгээ цаг хугацаанд нь төлбөр хийх шаардлагатай. Тиймээс ирэх оны төсвөөс Хүүхэд харах үйлчилгээ зэрэг нийгэмд чиглэсэн хэд хэдэн төсөл хөтөлбөр хасагдаад байгаа. Төрийн албан хүрээнд  гадаад дотоод томилолт, шатахууны зэрэг хэд хэдэн хэрэглээний таналт хийгдсэн гэсэн.

 

Ямартай ч төсвөө бүрдүүлж, Засгийн газраас эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-III-ын хүчин чадлыг өргөтгөх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

 

Эрх баригчид ирэх оны төсвийн орлогыг дотоодоо ийн бүрдүүлэхээс гадна гадаад зах зээлээс бонд босгох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй. Тиймээс ч шинэ төр, засгийн эрх баригчид тун удахгүй гадаад улсад хийх томилолтоо эхлүүлнэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны гадаад томилолтоо Япон улсаас эхлүүлнэ. Айлчлалын хүрээнд Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг тохиролцох юм байна. Хоёр улсын эдийн засгийн түншлэлийн өнгөрсөн парламентын үед баталгаажуулан, хэд хэдэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Магадгүй энэ үеэр ирэх онд эхлүүлэх төсөл хөтөлбөрүүд ч яригдах байх. Нөгөөтэйгүүр “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулах  юм билээ.

 

Өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногт түр завсарлана. Орон нутгийн сонгуультай холбогдуулан УИХ-ын намрын чуулганы түр завсарлагааны хугацаанд  УИХ-ын дарга М.Энхболд  урд хөршид айлчлахаар төлөвлөсөн байна лээ. Айлчлалын үеэр мөн л хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт татахаар асуудлыг хөндөх юм.

 

Ийнхүү ирэх оны төсвийн алдагдлаа нөхөх, өр төлбөрөө барагдуулах, орлогоо тэнцвэржүүлэхээр эрх баригчдын  өмнө хөрөнгө оруулалт татаж, “мөнгө босгох”-оор зорих нь. Өнөөдрийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар алдагдалтай төсвийг нөхөх, эдийн засгийг тогтворжуулахад улстөрчийн цараас гадна мэргэжлийн эдийн засагчийн чадвар бус чансаагаа харуулах үлдлээ.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
оффшор данстангууд хулгайн мөнгөө гадагш гарган байршуулсан гэсэн. Тэдгээрийг эх нутагт нь оруулж ирэх хэрэгтэй. Татвараас бултсан, хулгайн мөнгө шүү дээ. Шалгаж тогтоогоод нэг тийш нь болгомоор юм. Жирийн иргэд бидний цалин тэтгэвэр нэмэхгүй байгаагийн цаана төрийн томчууд өөрсдийн өвөр түрүүгээ дүүргэж ханахгүй бна.
2016-10-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-10
IRGEN:
MANd muuhai hulhiduullaa psdaa
2016-10-10
Юуч эрдэнэт:
Эрдэнэт Гэж шоугаа боль . МАН иинхан бид МУндаг чадна Гээд гард ирчихээд МОНГО босгоод Ажлаа Хий . Урьдахаа муу хэлээд болж БАЙГАА юмаа нураахаас оор чадваргуй новшнууд юмаа. Чадахгуй боль зайлаад ог
2016-10-10