Сонгуульд шилрээд завгүй

Нам жимхэн эхэлсэн орон нутгийн сонгуулийн сурталчилгаа дунд үеэсээ ширүүсэх шинжтэй. Улс төрийн нам эвслүүд эдүгээ орон нутгийн сонгууль анхаарал тавьж, хүч нэмж байна.
Шинэ парламентын анхны намрын чуулган нээлтээ хийж, гишүүдэд ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэх, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах талаар Засгийн газрын хөтөлбөрийг судлах зэрэг цаг хугацаатай уралдан хийх ажил их байгаа. Гэвч сонгуулийн циклийн энэ үед гишүүд хууль боловсруулан батлах үндсэн ажилдаа төдийлөн тогтож төвдөхгүй байна. Үүнийг өчигдөр хуралдах хуваарьтай УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан гишүүдийн ирц бүрдээгүйгээс цуцлагдсанаар жишээлж болно. Уг нь ирэх оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг парламент гэнэтхэн оруулж ирээд хэлэлцсэн. Ер нь парламентад үнэмлэхүй олонхийн суудал авсан улс төрийн хүчин асуудлыг төлөвлөгөөгүй тулган оруулж ирж хэлэлцэх нь цаашид ч давтагдах ердийн үзэгдэл байх биз.
Эдүгээ эрх баригч МАН-ын гишүүд тойрогтоо ажиллан, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төр, засгийн бодлого, хөтөлбөрийг таниулахын зэрэгцээ, орон нутагт нэр дэвшигчдээ дэмжихийг уриалж байна. Хэрвээ орон нутгийн сонгуулиар МАН-ынхан олонхийн суудал авбал бодлого тэдний хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр уг нь “ногоон гэрэл”-ээр урсана. Монгол бүхэлдээ МАН-ын тойрог болох юм. Тиймээс ч УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар авсан олонхийн суудлаа сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар баталгаажуулах чин хүсэл, алсын шунал МАН-д байгаа.
Харин сөрөг хүчин АН-ын хувьд хоёр сонгуулиар давхар мад тавиулсан шархаа нөхөх, ирэх дөрвөн жилд гудамжинд лааз өшиглөчихгүй төрийн анхан шатны нэгжид үлдчих хонгилийн үзүүр дэх гэрэл хийгээд боломж нь энэ удаагийн орон нутгийн сонгууль.
Уг нь ч өнгөрсөн дөрвөн жилд эрх барьж байхдаа АН-ынхан орон нутгийн хөгжлийг бодлогынхоо гадуур орхигдуулаагүй. Нийслэлд гэлтгүй аймаг орон нутагт өнөөдрийн сөрөг хүчин АН орон сууцны ипотекийн зээлээс эхлээд гудамж талбайн тохижилт, гэрэлтүүлэг, зам засвар, оношилгооны төв гээд бүтээн байгуулалт, дэд бүтцийн олон ажлыг хийж хэрэгжүүлсэн.
Харин өнөөдөр парламентад бүлэг байгуулах эрх үүсэх төдий 9 суудалтай энэ намын ялагдал дотоод зөрчилдөөнөөсөө үүдэлтэйг хэн хүнгүй хүлээн зөвшөөрдөг. Дээр нь эрх барьж байх үеийн удирдлагууд хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа огцорсон. Гэхдээ УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиас хойшхи Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлэх хүртэлх 90 хоногийн хугацаанд АН-ынхан эвлэлдэн нэгдэж, удирдлагуудаа сонгож чадсангүй.
АН-ын шинэчлэл ирээдүйн талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ямар үзэл байх ёстой юм бэ гэдгээ энэ нам маш тодорхой болгох хэрэгтэй. Дүрмээ тодорхой болгох хэрэгтэй. Тэнд байгаа хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрсэн, Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хүрсэн, түүнийгээ аваад явах чадамжтай тийм бүтэц бий болгох ёстой” гэсэн байр сууриа илэрхийлж байсан.
АН-аас парламентад сонгогдсон гишүүдийн хувьд эрх баригчдын алдаатай бодлого шийдвэрийг хэрхэн засах, сонгуулийн үеэр амласан мөрийн хөтөлбөрөөсөө хэрхэн ухарч, Хүүхэд харах үйлчилгээний мөнгийг төсвөөс хасч, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хамтын тэтгэврийн хуулийг буцаан татаж, нэр, агуулгыг нь өөрчлөн оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа байр сууриа сонгогчдод сурталчилж, басхүү энэ удаагийн сонгуулиар намынхаа нэр дэвшигчдийг дэмжихийг уриалж явна.
Өнөөдөр орон нутгийн сонгуульд АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Эрдэнэбат ахлан орж байгаа. Сонгуулийн сурталчилгаандаа, үнэмлэхүй олонхийн суудал авсан нэг намыг дахин сонгож алдаагаа давтахгүй байхыг сонгогчдод уриалж байна лээ. Уул шугамдаа УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар МАН-д саналаа өгч, үнэмлэхүй олонхийн суудалтай болгосон алдааны гол буруутан нь сонгогчид байсан гэдэг санааг агуулаад байгаа. Ер нь АН-ынхан сонгогчдын мэргэн сонголтыг буруутгахын оронд өөрсдөөсөө алдаагаа хайх хэрэгтэй. Наанадаж л орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчид тус намын дөрвөн жилийн өмнөх мөрийн хөтөлбөрийн амлалтаа хэрэгжүүлнэ гэсэн бодлогыг сонсохоос илүүтэй, фракц хоорондын хагарал, намын даргаараа ямар эрхмийг томилохыг илүүтэй сонирхож байгаа.
Ийнхүү бага газрын төлөөх их тулаан сонгуулийн санал хураалт явагдах өдөр хүртэл ширүүхэн үргэлжлэх нь.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ