Иргэний бүртгэлийн сервер гацаагүй

img

 

Өнгөрсөн саруудад гадаад паспортын бэлдэц хомсдсоны улмаас хэвлэлт доголдоод байсан. Харин өнгөрсөн наймдугаар сараас төсөв санхүүг шийдэж, бэлдэцийг ХБНГУ-д үргэлжлүүлэн захиалснаар ажил хэвийн явагдаж эхэлсэн.

 

Гэтэл дахин сервер гацсан зэрэг шалтгаанаар гадаад паспорт хэвлэхгүй байгаа тухай иргэд гомдол хэллээ. Энэ талаар иргэний бүртгэлийн газраас тодруулахад “Хэвлэлт хэвийн явагдаж байгаа. Сервер гацсан зүйл байхгүй. Яаралтай захиалгыг гурав хоногт, энгийн захиалгыг 7-14 хоногт багтаан хэвлэж байна” гэв.

 

Энэ жил иргэдийн гадаад паспорт авах захиалга өмнөх онуудтай харьцуулахад 30.5 хувиар өссөн байна. Тодруулбал, 2014 онд 13,200 гаруй иргэн, 2015 онд 190,100 иргэн гадаад паспорт шинээр захиалж авсан байна. Харин энэ жилийн хувьд 120,000 иргэн гадаад паспорт захиалжээ.

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаад паспорт захиалах иргэдийн тоо 70 мянга орчмоор нэмэгдсэн нь  гадаад паспортод зориулсан төсвийн хүрэлцээ муудах, улмаар бэлдэц дуусахад хүргэж иргэдийн дунд  хүлээлт үүсгэсэн болохыг албаны хүн тайлбарлав. Улмаар өнгөрсөн долоо, наймдугаар сард иргэдийн дунд дугаар тарааж үйлчилж байв. Үүнийг есдүгээр сарын 28-наас зогсоож, хэвийн үйл ажиллагааг явуулж эхэлжээ.

 

Мөн Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий Газраас иргэдэд үзүүлэх үйлчилгээнд өөрчлөлт оруулж, гадаад паспортыг төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс захиалах боломжтой болгосон. Ингэснээр иргэд гадаад паспорт захиалахын тулд заавал 100 айлын иргэний бүртгэл мэдээллийн төв орох шаардлагагүй болсон юм.

 

Гэвч өнөөдөр гадаад паспортын хэлтэс иргэдийн хөлд дарагдсан хэвээр байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд гадаад паспортын захиалга авдаг ч сунгалт хийдэггүй учраас ийнхүү хүлээлт үүсдэг талаар иргэд хэлж байна. Мөн жил ирэх тусам гадаад улсыг зорих хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь дараалал, хүлээлт үүсэх байдлыг багасгахгүй байгааг албаны хүмүүс хэллээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Сервер нь гацсан нь үнэн. Гол ийм чухал байгууллагын сервер гацаад ажлын 4 хоног болж байхад учрын нь олохгүй худлаа мэдээлэл өгөөд сууж байхын.
2016-10-11