Ажилчдыг хоморголон халаагүй

Сангийн яамнаас Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой амьжиргаа III” төслийг хэрэгжүүлж байгаа. Гэвч төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан талаар аймгуудын төлөөлөл өчигдөр мэдээлэл хийсэн. Харин өнөөдөр Сангийн яамнаас хариу мэдээлэл хийлээ. Тус хуралд Сангийн яамны хөгжлийн санхүүжилт өрийн удирдлагын газрын дарга Б.Гантулга, тус газрын хэлтсийн дарга Н.Нарангэрэл нарын хүмүүс оролцов.
Өмнөх засгийн газрын үед ажилд орсон нь ажлаас халагдах шалтгаан болсон. Бүтцийн өөрчлөлт нэрээр улсөрийн зорилгоор ажлаас нь хоморголон халсан гэдгийг хэвлэлийн хуралд /өчигдөр/ оролцогчид хэлж байна.
Үүнд Сангийн яамнаас “Санхүүжүүлэгч талаас төслийн загварыг боловсронгуй болгох замаар үр ашгийг дээшлүүлэх хүсэлтийг энэ оны тавдугаар сард тавьсан. Энэхүү хүсэлтийн дагуу Сангийн яам төслийн бүтцийг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Төслийн загварт өөрчлөлт орох болсон талаар манай яамнаас Сум дэмжих багуудад өнгөрсөн долоодугаар сарын 28-ны өдөр албан тоотоор мэдэгдсэн. Улмаар хөлсөөр ажиллах гэрээг хоёр сараар буюу есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан” гэдэг тайлбарыг хэлэв.
Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаанд буюу есдүгээр сарын 30-нд дуусгавар болсон. Улмаар тус иргэдийг ажлын байрнаас чөлөөлж дахин сонгон шалгаруулат зарлахаар болжээ. Иймд 105 иргэнийг хоморголон халсан гэдэг ташаа мэдээлэл гэдгийг онцолж, энэ мэдээллийг няцааж буйгаа илэрхийллээ.
Мөн Сангийн сайдын тушаалаар төсөл хэрэгжүүлэх нэгжээс 21 аймгийн Сум дэмжих багийн 105 ажилтантай хөдөлмөрийн гэрээ бус хөлсөөр ажиллах зургаан сарын гэрээ байгуулан ажиллуулсан. Дээрхи гэрээ нь иргэний хуулиар зохицуулагддаг тул хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 30 хоногийн өмнө гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлсэн байх гэх заалтад хамааралгүй гэдгийг хэлэв.
“Тогтвортой амьжиргаа III” төсөл нь Дэлхийн банкны 24 сая доллар, Швейцарийн хөгжлийн агентлагийн 11.4 сая долларын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа юм байна. Орон нутгийн хөгжлийн санг дэмжих зорилготой энэхүү төсөл 2018 он хүртэл хэрэгжих аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ