С.Батболдын ажлын 100 хоногийг ингэж дүгнэв

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үүрэгт ажилдаа томилогдоод 100 хоног болжээ. Энэ хугацаанд хийсэн түүний ажилд НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд дүгнэлт хийсэн аж. Тус дүгнэлтээ өнөөдөр танилцуулав.
НИТХ-ын гишүүн Ц. Баатархүү шинэ засаг даргыг бүтцийн өөрчлөлт хийхэд голлон анхаарч, 2012 оноос хойш ажилд орсон 330 орчим төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн тухай хэлэв.
Мөн "Улаанбаатарын намар” арга хэмжээг Сүхбаатарын талбайд зохион байгуулахад 100 гаруй сая төгрөг зарцуулж, “Face of the beauty international” олон улсын тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 20 сая төгрөг гарган ивээн тэтгэсэн тухай хэлж байна.
Мөн Чингисийн талбайг Сүхбаатарын талбай болгох шийдвэр гаргасан. Нийслэлчүүдэд өнөөдөр нэр хаягийг өөрчлөх нь ач холбогдолтой бус, бодит ажил, үр дүн чухал байна гэдгийг хуралд оролцогчид онцлов.
Ийнхүү төрийн бодлогын залгамж чанар алдагдаж, эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх суурь шинэчлэлийн бодлого, зорилгоо тодорхойлоогүй, хүрэх үр дүн, хэмжих нэгж нь ойлгомжгүй, шинэ санал санаачилгагүй ажиллаж байна. Улаанбаатар хотын ирээдүй бүрхэг байна гэж ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ