Эрдэнэтийн асуудлаар ”биеэ хамгаалав”

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
-Би Эрдэнэттэй холбоотой хоёр баримт мэдээлье. Эрдэнэт үйлдвэрийнхэн өнгөрсөн наймдугаар сарын 25-нд шохой, ган төмөр нийлүүлэгчээр Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй 2017-2021 он хүртэл хамтарч ажиллах гэрээ байгуулжээ. Ингэхдээ Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт урьдчилаа төлбөрт болгож 15 тэрбум 258 сая төгрөгийг жил бүрийн эхний сард шилжүүлж байхаар гэрээ хийсэн байна. Мөн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт урьдчилгаа 40 хувь болох 87 тэрбум 119 сая төгрөгийг гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор шилжүүлэхээр заажээ.
Энэ оны Эрдэнэт үйлдвэрийн төсөвт төвлөрүүлэх татвар дутаад байсан нь энэ ийм учиртай байна. Нийтдээ 100 орчим тэрбум төгрөгийг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийгээгүй байхад шилжүүлжээ хэмээлээ. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Энэ гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн үү?
-Гэрээ хийсэн үйл явцыг шалгана.
-Та МАН-ын бүлгийн гишүүдтэй энэ талаар ярилцсан уу?
-Энэ асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлэхээр болсон.
-Дээрх баримтыг та хаанаас авсан бэ?
-Би УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд өмнөх хэвлэлийн хурлын мэдээллийг Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаж авсан. Мөн Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс надад мэдээлэл явуулж байна. Би аливаа зүйлийг баримттай ярьдаг хүн.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ