Сунжирсан сонгууль

img

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн хараахан гараагүй байна. Учир нь сонгогчдын ирц бүрдээгүйгээс нэмэлт санал хураалт явагдсан бол эдүгээ дахин санал хураалт явуулах нь. Орон нутгийн сонгуульд нам, эвсэл, бие даагч 15 мянга орчим нэр дэвшигч өрсөлдсөн. Сонгуулийн хуулиар  “Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан. Орон нутгийн сонгуулиар сонгогчдын ирц сул, идэвхгүй байснаас энэ заалтыг хэрэгжүүллээ. Сум, дүүргийн сонгуулийн хорооноос хуулийн дагуу нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэр гарч амралтын өдөр явуулсан. Нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож саналаа өгөх заалттай. Нийслэлийн хэмжээнд нэмэлт санал хураалтаар 70 мянган гаруй сонгогч саналаа өгсөн байна лээ. Нэмэлт санал хураалт явагдсанаар улсын хэмжээнд сонгогчдын ирц 61.1 хувь хүрчээ. Ингэснээр энэ жилийн сонгууль дуусгавар болж буй ч дүн мэдээлэл гарсангүй.

 

Сонгуулийн Ерөнхий хорооныхон дараагийн ажилдаа ороод байна.  Учир нь Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар 19 аймагт 117 нэр дэвшигчийн санал тэнцсэн. Тиймээс мөн л хуулийн дагуу дахин санал хураалтыг энэ тухай шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор, амралтын өдөр буюу энэ сарын 29-нд явуулахаар товлоод байна. Харин дахин санал тухайн хэсгийн нийт сонгогчдыг дахин санал хураалтад оролцуулах заалттай. Дахин санал хураалтын ирцийг дахин санал хураалтад оролцсон сонгогчдын ирцийн хувиар хүчинтэйд тооцох юм билээ.

 

Ийнхүү энэ удаагийн Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц бүрдээгүй, санал тэнцсэнээс нэмэлт, дахин санал хураалт явагдан сунжирсаар байна. Нийт 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөгдсөн орон нутгийн сонгуулиар нэмэлт санхүүжилт шаардлагагүй гэж СЕХ үзэж байсан. Гэхдээ дахин санал хураалтыг зохион байгуулахад саналын хуудас нэмж хэвлэнэ. Хэдийгээр 13 тэрбум дээр дахин санхүүжилт шаардагдаагүй ч сонгууль зохион байгуулагчдын болоод  иргэдийн цаг нарыг удаа дараа алдагдуулсан үйлдэл давтагдлаа. Нэмэлт санал хураалт амралтын өдрүүдэд явагдах хэдий ч томоохон худалдааны төв, захуудын үйл ажиллагааг зогсоосон нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тасалдуулсан үйлдэл юм. 

 

Удахгүй болох дахин санал хураалтын үеэр ч сонгогчдыг идэвхтэй оролцуулах зорилгоор тухайн аймгуудад томоохон хэмжээний худалдааны төв, захын үйл ажиллагааг зогсоох Засаг даргын захирамж гаргана. Ер нь сонгууль сунжирсан сонгогчдын ирц хүрээгүйгээс шалтгаалсан. Гэсэн хэдий ч сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх төрийн бодлого үгүйлэгдэж байгааг энэ удаагийн Сум, дүүргийн ИТХ-ын сонгууль харууллаа. Сонгогчдын идэвх муу байгаа нь улс төрийн намуудад иргэдийн итгэл алдарсных, аль ч нам эрх барьсан адилдаа адил гэсэн үзэгдэл олон нийтийн дунд бүрдсэн гэдгийг хэн хэнгүй хүлээн зөвшөөрч, нөгөөтэйгүүр шүүмжилдэг. Гэхдээ сонгуульдаа идэвхтэй оролцож, иргэний үүргээ биелүүлэх хуулийн зохицуулалт хэрэгтэйг энэ удаагийн сонгууль хууль тогтоогчдод санууллаа.  

 

Харин энэ удаагийн сонгуулийн хуулиар нэмэлт болоод дахин сонгууль явуулах хугацааг тодорхой зааж өгсөн сайн талтай. Түүнээс бус өмнө нь сонгуулийн маргаан шийдвэрлүүлэхээр шүүхээр дамжуулан хэдэн сар жилээр сунжирч, зарим тойрогт төрийн төлөөлөлгүй өнждөг байсан үе бий. Энэ удаад сонгуулийн хороо зохицуулахаар заасан нь цаг хугацаа алдахгүй дараагийн алхмуудаа хийх зөв заалт тусгажээ.

 

Дээрээс нь орон нутгийн сонгуулиас аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг салган авч, УИХ-ын сонгуультай хамтатган явуулсан нь өнөөдөр үр дүнг авчирсан байх сөрөг талтай. Учир нь нэмэлт хийгээд дахин сонгууль явуулах болсон нь сонгогчдын оролцоо сул байсных. Хэрвээ сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцсон бол ирц хүрэхгүй байтугай санал тэнцэх тохиолдолд ч аймгуудыг нэлдээ хамрахгүй байсан биз.

 

Эдүгээ шинэ парламент Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гарган дахин хэлэлцүүлэхээр болж байгаа. Ингэхдээ сонгуульд иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхэд анхаарч, басхүү аймаг, нийслэлийн хийгээд сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг хамтатган явуулахаар хуулиндаа тусгах нь  улстөрчид өмнөх алдаагаа давтахаар сэргийлэх болов уу.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

оюутан:
УИХ баталсан сонгуулийн зардлыг харж байхад дотор нь дахин нөхөн сонгуулийн зардал байна гээд хэвлэл мэдээллээс уншиж байсан юм байна,Хуульд ирц хүрэхгүй бол нөхөн, тэнцвэл дахин гээд биччихсэн байна Энхлэн эгчээ хууль ном уншиж байлдаа
2016-10-25
Зочин:
МАН,АН ээлжилнэ ш дээ.Луйварын сонгууль бусад намаа бүүр доошоо хийгээд МАН хамаг таварын мөнгийг маань идчлээ.Одоо ч УИХ гишүүд дэмий болж дээ.Хоорондоо хэрэлдэж муудаад Монголын 2 сая хүн амаа аятайхан аваад явж чадахгүй толгой нь хүрэхгүй.Монголд боловсролтой хүн бараг дэмий болжээ.Хүний эрх юм чинь хэн дуртай нь гарч ирдэг болжээ.Гадаад боловсрол эзэшсэн улсууд ирээд ч дэмий....
2016-10-25
Зочин:
Зөвхөн Баянгол Баянзүрх Сонгинохайрхан Сүхбаатар Хануул Чингэлтэйг оруулаад тооцоход нийт 228 мандат болж байна үүнээс МАН 134, АН 94. АНы гадуурхаад байгаа 3 нь оруулвал МАН 197, АН 98 болж байна.
2016-10-25