Надад өр байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдье

ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил цаг, үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Тэрбээр мэдээлэлдээ:
-Би гурван асуудлаар мэдэгдэл хийнэ. Эхнийх нь АТГ-аас гаргасан миний хөрөнгө орлогын мэдүүлэгт намайг “MCS” компанид 18 тэрбумын өртэй гэсэн мэдээлэл гарсан. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд надад тийм их хэмжээний өр байхгүй. УИХ-д нэр дэвшихэд болон сонгогдоход, мөн сайд болоход ч байгаагүй. Харин 2013-2016 оны тавдугаар сар хүртэл ийм өртэй байсан. Манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард “Гоёо” компанийг “МCS холдинг”-оос худалдаж авсан. Худалдаж авахдаа 25 хувийнх нь мөнгийг бэлнээр төлөөд 75 хувийг нь зээлээр авсан. Тэгэхээр Ц.Мөнх-Оргил аль нэгэн компаниас бэлнээр эсвэл шилжүүлгээр өөрийнхөө дансаар мөнгө аваагүй. Манай гэр бүлийн хүн хувьцааг зээлээр худалдаж авсан учраас санхүүгийн тайлангийн бичилт хийгдсэн. Нэгэнт санхүүгийн тайлангийн бичилт хийгдсэн учраас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнана. Бид өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын сонгуульд оролцохынхоо өмнө 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хөрөнгө, орлогоо тайлагнасан. Тэгэхээр энэ зургаан сарын хоцрогдолтой гарсан байна. 2016 оны тавдугаар сарын 2-нд хувьцаа буцааж шилжүүлэх гэрээ байгуулаад буцааж өгсөн. Өр тэглэгдсэн. Манай гэр бүлийн хүн өнөөдөр ямар ч өргүйгээр “Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байна.
Хоёрдугаарт, Намайг орон байргүй гэсэн. Надад 2000 оноос хойш хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаж ирсэн нэг байр байгаа. Тэр байраа энэ удаа ч мөн тайлагнасан. АТГ-ынхан миний байрыг хөрөнгө, орлогын мэдүүлэгт маань бичих гэж байгаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн албан бичгээ ирүүлсэн. Удахгүй залруулга хийнэ гэж байна лээ. Гуравдугаарт, Гадаад харилцааны сайд болсноосоо хойш намайг замбараагүй олон улс төрийн томилгоог хийлээ гэсэн мэдээлэл их гарч байгаа. Манай яам 13 хэлтэс газартай. Үүнээс зургаан газрын дарга нь ажлаа хэвийн хийж байгаа. Долоо нь солигдсон. ГХЯ-ны онцлог нь дипломатууд байнга шинээр ажилд томилогддог. Тэр газраасаа буцаад төвдөө ирж ажилладаг учраас манай газар хэлтсийн дарга нар 3-4 жилийн зайтай солигдож байдаг. Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан туршлагатай хүмүүс ажлаа хийсээр л байгаа хэмээлээ. ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Гадаад өрийн асуудал дээр Засгийн газар ямар гарцыг хайж байна вэ? “Станд бэй” хөтөлбөрт хамрагдах, их хэмжээний зээл авахаас өөр гарцгүй гэж байсан.
-Энэ асуудалтай холбоотой хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хоёр удаа хэлэлцсэн. Уржигдар ҮАБЗ-өөр хэлэлцсэн. Өнөөдөр дахин хэлэлцээд маргааш өглөө УИХ-ын даргад өргөн барина. Энэ хөтөлбөрт олон арга хэмжээ тусгагдсан байгаа. Хамгийн том асуудал бол энэ өрийн асуудал. 2017 оны 5 сарын 30 гэхэд бид эхний төлбөр болох 580 сая ам.доллар төлнө. Үүнд Засгийн газрын зүгээс хоёр байр суурь баримталж байгаа. Нэгдүгээрт, ОУВС буюу Гадаадын олон улсын санхүүгийн байгууллагуудтайгаа тохирч Монгол Улсын өр, эдийн засгийн хямрал, эдийн засгийн өсөлтийг тусгасан хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Гэхдээ хөтөлбөр хэрэгжүүлэх үү үгүй юу гэдэг дан ганц манай Засгийн газраас шалтгаалах зүйл биш. Нөгөө талын нөхөд бидэнд ямар шаардлага, тогтолцоо, хөтөлбөр тавихаас хамаарна. Хэлэлцээр бол эхэлчихсэн байгаа. Энэ сарын 20-нд ОУВС-гийн төлөөлөгчид ирж манай Сангийн яам, Монгол банк, Засгийн газрынхантай уулзаж, санал солилцсон. Энэ нөхөд Монголын өнөөгийн бодит байдал хэр байгаа, юу хийж болох, ямархуу хөтөлбөр байвал болох вэ гэдэг дээр судалж мэдээллээ цуглуулж байгаа. Ингээд хэлэлцээрээ хэлэлцэх юм. Бусад орнуудаас хөнгөлөлттэй зээл авах уу, үгүй юу гэдэг асуудлыг мэдээж судлаж үзэх ёстой. БНХАУ, Япон, Солонгос, ОХУ зэрэг манайхтай түншийн харилцаатай орнуудад бид энэ асуудлаа тавьж байгаа. Гэхдээ энэ асуудлыг ОУВС болон Олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах ажлын хүрээнд шийдвэрлэнэ.
-Таныг “MCS” групптай холбоотой гэх мэдээлэл байдаг. Ер нь хэзээнээс энэ группта”й холбогдох болсон бэ?
-Манай гэр бүлийн хүн MCS холдинг” компанийн Хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар 4 жил ажилласан. Энэ хугацаандаа “Энержи ресурс” компанийн Хонконгт гарсан IPO-г зохион байгуулсан. Ингээд 4 жилийн хөдөлмөрийн гэрээ, IPO байгуулах гэрээнийхээ дагуу “MCS холдинг”-ийн 3.1 хувийн хувьцаа авсан. Тиймээс манай гэр бүлийн хүн хувьцаа эзэмшигч. Би бол хувьцаа эзэмшигч биш. Манай гэр бүлийн хүн багахан хувьцаа эзэмшдэг л байгаа. “Гоёо” ХХК-ийн хувьд бол манай гэр бүлийн хүн 25 хувийн хувьцаа эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, эхнэрийг маань хөрөнгө оруулалтын ажлаа өгөөд тусдаа бизнес эрхэлж байхад нь “MCS” компанийнхан “Та энэ компанийг аваад яваач ээ. Бид өөр бизнес хийх гээд зав болохгүй байна” гэж санал хүсэлт тавьсан байдаг. Иймээс 2013 оны дөрөвдүгээр сараас 3 жил гаруйн хугацаанд энэ компанийг нь авч явсан түүхтэй. Ингээд буцаагаад 75 хувийг нь өгсөн байгаа.
-Гадаадын орнуудад монгол иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихэслээ. Энэ тал дээр ГХЯ-аас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Монголчууд олноороо ажиллаж амьдардаг газруудад гэмт хэрэгт холбогдох тохиолдол их гарч. Зөвхөн БНСУ-д биш БНХАУ-д хар тамхи зөөвөрлөх, тээвэрлэх, борлуулах зэрэг БНХАУ-д хамгийн их цээрлэл хүлээдэг гэмт хэрэгт манай иргэд ихээр холбогдох болсон. Солонгос улсад хар тамхины асуудал бага ч бусад төрлийн гэмт хэргүүд их үйлдэгдэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 100 гаруй иргэн дэлхийн 8 оронд ямар нэгэн байдлаар ял эдэлж байна. Үүнд манай консулын газрын нөхөд байнга уулзаж, дэмжлэг туслалцаа үзүүлдэг. Ялтан шилжүүлэх гэрээтэй орнуудтай ялтан шилжүүлэх тал дээр хамтын ажиллагаатай байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ