Мөнгөөр бороо оруулаад ч...

Шинэ Засгийн газар 100 дахь хоногийнхоо босгон дээр хийсэн ажил, хэрэгжүүлэх төлөвлөгөө, зорилтоо хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд тайлагналаа. Олон нийт энэ Засгийн газраас улстөржилт бус улс орны эдийн засгийг өөд татаж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх бодлого зорилтыг хүлээж, харж байгаа.
Ирэх жилүүдэд эдийн засаг сэргэж, иргэдийн амьдрал дээшилнэ гэдэгт Засгийн газрын тэргүүн ам нээхгүй байна. Том том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, гадааадын зах зээлээс бонд босгож, урд хөршөөс их хэмжээний зээл авах яриа хэлэлцэл хийгдэж байгаа ч энэ нь өнөөдрийн эдийн засгийг тогтворжуулахад нөлөөлөх төдий аж. Харин ирэх жилүүдэд төлөх өр, зээлийн төлбөр их наядаараа хэмжигдэн гарах даг. Нийгэм үсрэнгүй хөгжлийг хүсч байгаа ч Засгийн газар аажим аажимдаа эдийн засгаа тогтворжуулан сайжруулахаа мэдэгдлээ.
Ирэх оны төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж буй энэ үед Засгийн газар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрөө боловсруулан УИХ-д өргөн барив. Тиймээс парламент дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн, бодлого, хөтөлбөрөө уялдуулан зангидах боломж бүрдэж байгаа юм.
Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилготой энэ хөтөлбөр макро эдийн засгийг тогтворжуулах бодлого, дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй ажээ. Хөтөлбөрийн хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна лээ.
Макро эдийн засгийг тогтворжуулах хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3.0 хувьд хүргэхээр төлөвлөсөн аж. Уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 5.1, 2019 онд 7.1 хувьд хүрч өснө хэмээн тооцсон байна.
Аж ахуйн нэгж, компаниуд хаалгаа барьж, ажилгүйдэл нэмэгдсэн энэ үед Эдийн засгийн хүндрэлийг даван туулах энэ хөтөлбөр ажил хэрэг болвол “хонгилын үзүүрт гэрэл тусах”-аар. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8.0 хувиас ихгүй болж буурах тооцооллыг гаргаад байгаа аж.
Түүнчлэн, уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өснө хэмээн тооцсон байна. Цаасан дээр төлөвлөсөн энэ төсөл хөтөлбөр амьдралд хэрэгжвэл эдийн засаг сайжирч, иргэн бидний амьжиргаа сайжрахаар сайхан л тооцоолол. Нэгэнтээ төрд итгэл нь алдарсан олон нийтийн хувьд хэрэгжилтийг нь харж төр, засгийн ажилд үнэлэлт өгнө. Түүнээс бус өнөөдрийн амлалт, төсөлд сэтгэл хөдөлж, өнгөнд хууртахаа больсон цаг.
2011 онд 4 тэрбум ам.доллараараа урсан орж ирж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт өнөөдөр 100 гаруй хувиар багасч, засгийг хүлээж авахад 350 гаруйхан сая ам.доллар болсон байна гэж өнөөгийн эрх баригчид халаглан шүүмжилдэг. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулагчдын хараа манай улс руу бэлчиж, итгэлийг нь татахад “Оюутолгой” голлон нөлөөлсөн. Дээр нь энэ ордоо эдийн засгийн эргэлтэд оруулснаар эхний ээлжийн шууд хөрөнгө оруулалт орж ирсэн нь жижиг эдийн засагтай манай улсын хувьд “тэнгэрээс мөнгөөр бороо цутгах”-тай агаар нэгэн болсон биз. Гэвч хууль эрхзүйн орчин нь байнга өөрчлөгддөг, тогтворгүй байдал нь хөрөнгө оруулагчдын урсгалыг татсан шигээ гэнэт буцаасан. Харин өнөөдрийн тухайд мөнгөөр бороо оруулаад ч сэхэл авах нь удаан, өр төлбөрийн эргэн төлөлт нэхэгдсэн эдийн засаг хөрөнгө оруулагчдыг угтана.
Харин Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2.0-3.0 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьжээ. Энэ нь өнөөдрийнхөөс 100 орчим хувиаар нэмэгдүүлнэ гэсэн үг.
Ийнхүү Засгийн газрын зүгээс ирэх оны төсөв, төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Энэ бүх хуулийн төсөл, хөтөлбөрийг парламентаар хэр чансаатай хэлэлцэн батлахаас ирэх жилийн нийгэм, эдийн засгийн өнгө тодорхойлогдоно. Харин одоо УИХ дээр хэлэлцэн, хөөсөрсөн бус амьдралд хэрэгжих хууль, хөтөлбөрүүдийг батлан гүйцэтгэх засаглалдаа чиглэл өгөх л үлдлээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ