“Benetton” брэндийн хувцас 75 хувиар хямдарчээ

Нийслэлийн 377 жилийн ойн баярын өдөр маргааш тохионо. Ойн баярын хүрээнд уламжлал болгон зохиогддог “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа Сүхбаатарын талбайд дөрөв дахь жилдээ болж байна.
Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд “Ноос ноолуурын холбоо”, “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Янмал” ХХК 80 гаруй аж ахуй нэгж, үйлдвэрлэгч оролцож байна. Өнгөрсөн жил 100 гаруй аж ахуй нэгж оролцож байсан бол өнөө жил үйлдвэрлэгч компанийн тоо 20 орчмоор буурчээ. Мөн худалдан авагч өнгөрсөн жилийнхээс цөөн цугласан харагдав.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Уламжлал болсон хямдралтай энэ худалдааг нийслэлчүүд маань хүлээдэг болсон байна. Улаанбаатар хотын нийт иргэддээ 377 жилийн ойн баярын мэндийг хүргээд хямдралтай худалдаандаа өргөнөөр оролцохыг хүсье” хэмээв.
Талбайн голд зогсоосон “Чансаа” гэсэн бичигтэй машин хэн хүний нүдийг эрхгүй хужирлаж байв. Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаагаар “Чансаа” гутлын дэлгүүрээс худалдан авагчдад автомашины төлөөх азын сугалаанд оролцох эрхийн бичиг олгож байсан. Өнөө жил мөн сугалаа явуулж буй аж. Тус дэлгүүрийн бараанаас нэг сая төгрөгийн бараа авсан тохиолдолд 3 ширхэг, 500 мянган төгрөгийн бараа авбал 6 ширхэг, 100 мянган төгрөгйин бараа авбал 9 ширхэг сугалаанд оролцох эрх бэлэглэх юм байна.
Энэ жил “United colors of Benetton” дэлгүүр бараагаа 75 хувь буюу хамгийн өндөр хувиар хямдруулсан байв. Тухайлбал хүүхдийн ноосон цамц 69900 төгрөгөөс 34950, эмэгтэй загварын зузаан ноосон цам 79900-39950, эрэгтэй загварын футвольк 29900-8970 төгрөг болж хямдарчээ.
“Янмал” ХХК урт түрийтэй ноосон оймс, бээлий, малгай зэрэг бараандаа 20 хувийн хямдрал зарлажээ. Мөн “Хүүгийн гутал” ХХК адууны арьсан гутландаа 5 хувь, “Дархан минж” ХХК нэхий дээл, малгайгаа 5 хувийн хямдралтай үнээр худалдаалж байлаа. Нэхий дээлнүүд 195-330 мянган төгрөгийн үнэтэй байна.
Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаанд “НБЦ”-ийн өндөг борлуулалт ихтэй байсан бол энэ жилийн хувьд Монгол ноос, ноолуур, сарлагийн хөөврөөр хийсэн өмд цамц, малгай болон 30 хувийн ноолууран хөвөн даавуун материалтай бүтээгдэхүүний худалдаа эрэлт ихтэй байна.Оролцогч байгууллагууд ноос, ноолуур, савхин эдлэл, гар урлал, бэлэн хувцас, гутал, цүнх зэрэг бүх төрлийн бараа болон хүнсний бүтээгдэхүүнүүдийг хямдралтай үнээр худалдаалж байв.
Үзэсгэлэн худалдааны үеэр ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” сэдэвт гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.
Уралдааны 6-9 насны ангилалын нэгдүгээр байрыг Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн 3б ангийн сурагч Б.Галдан, хоёрдугаар байрыг Баянгол дүүргийн 20-р сургуулийн 3в ангийн сурагч М.Гэгээ, гуравдугаар байрыг Баянзүрх зүүргийн “Оюунлаг” сургуулийн 3б ангийн сурагч З.Бүжинлхам нар эзэлсэн бол тусгай байрт 10 хүүхэд шалгарчээ.
Харин уралдааны 10-13 насны ангилалд нэгдүгээр байрыг Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн 9б ангийн сурагч О.Цэдэнбал, хоёрдугаар байрыг Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” сургуулийн 8б ангийн сурагч Э.Тэргэл, гуравдугаар байрыг Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 5д ангийн сурагч Б.Тэмүүлэн нар эзэлж, тусгай байрт 11 хүүхэд шалгарсан байна.
Мөн уралдааны 14-18 насны ангилалд нэгдүгээр байрт Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 11е ангийн сурагч Д.Ариунаа, хоёрдугаар байрт Баянгол дүүргийн 20-р сургуулийн 8б ангийн сурагч Л.Анударь, гуравдугаар байрт Баянгол дүүргийн Монгени сургуулийн 12г ангийн сурагч Х.Ганзол нар шалгарч тусгай байрын шагналыг 10 хүүхэд гардан авлаа.
Гар зургийн уралдаанд амжилттай оролцож, шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гардуулан өгөв.
Үзэсгэлэн худалдаа хоёр өдрийн турш Сүхбаатарын талбайд зохиогдох бөгөөд маргааш дуусна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ