Би Монголоороо бахархаж хүч авдаг

Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохиолдуулан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатарт төрийн дээр шагнал “Чингис хаан” одон гардууллаа.
Энэ өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал гардуулах үедээ хэлсэн үгэндээ:
-Өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Монгол хүн бүрт, Монголын төлөө зүрх бүрт энэ сайхан өдрийн мэнд хүргэе. Бидний хаан бахархал бол бидний түүх, өв соёл, тусгаар тогтнол, эрх чөлөө юм. Монголчууд бидний бахархлын оройн дээд нь их эзэн Чингис хаан юм. Бахархалтай улс орон урагшлан хөгждөг. Чингис хаан одонгоор манай улсын нэр хүндтэй эрхмүүд шагнагдаж ирсэн. П.Очирбат, Н.Багабанди, Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл гээд.
Эгэл борог амьдралтай малчны гэрт төрж өссөн хүү дэлхийн сонгодог урлагийн амжилт тогтооно гэдэг бахархал. Г.Ариунбаатар бол 10 хүүхэдтэй айлын хүү. Бөмбөрцгийн өнцөг булан бүрээс Чайковскийн хөгжмийн наадмыг шүүдэг. Ийм шүүлтүүр дундаас Монголын Г.Ариунбаатар тэргүүн байр, Гранприйн шагналыг хүртсэн нь гайхамшиг. Харин Г.Ариунбаатар өөрийн амжилтаа Монгол ахуй, гэр орон, монголоороо бахархан, “тэд надад хүчирхэг хоолой” заяасан гэж даруухнаар сурвалжлагачид өгүүлсэн байдаг. Г.Ариунбаатар Монголоороо бахархдаг, монгол ахуйгаа шүтдэг.
Сонгодог урлагийн оройд хэмжээ үгүй гэж ярилцдаг. Г.Ариунбаатарын хувьд ойртох тусам өндөрсөөд байдаг. Дэлхийд чимэг болсон хүн явъя гэвэл Монголдоо, хамт олондоо, гэртээ нэр хүндтэй яв.Би Чингис хааныг газрын зовлонг даван туулж, тэнгэрт тэтгэдсэн хүн гэж боддог.
Г.Ариунбаатарын хувьд алдрын зам дардан байгаагүй. Ариунбаатар үнэн амьдралын дунд үнэнээр явсан. Хөдөө нутагт малчин хүний амьдрал үүр хаяарахаас үдшийн бүрий хүртэл борви бохисхийдэггүй. Г.Ариунбаатарын амжилт унаган хүмүүжилтэй нь холбоотой. Г.Ариунбаатарын амжилт Монголын амжилт. Сургалтын төлбөрөө олох гэж жолооч болж, таксинд явсан, бараа зарсан, хүнээс компьютер хөлслөн, дэлхийн алдартнуудыг даган дуулж, багшдаа үзүүлж, олон улсын дуурийн дуу дуулаачдад дуугаа илгээсэн гээд тэрбээр олон ажил, зүтгэсээр байсан. Г.Ариунбаатар бол Монголын сонгодгуудыг дуулах дуртай.
Би Төрийн тэргүүний хувьд “Чингис хааны” одонгоор шагнаж байгаадаа баяртай байна хэмээлээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд Чингис хаан одонг дуучин Г.Ариунбаатарт гардууллаа. Үүний дараагаар дуучин Г.Ариунбаатар үг хэлсэн юм. Тэрбээр:
-Монгол Улсын дээд шүтээн, их татах хүчин болсон Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан төрийн дээд шагнал “Чингис хаан” одонгоор шагнасанд гүн хүндэтгэлтэй хүлээн авч байна. Би төрүүлсэн эжий аав, ачлалт багш, түмэн олондоо бахархаад баршгүй.
Миний төрсөн нутаг бол мал сүрэг багширсан, баян бараатын өлзийт нутаг. Дуучин болох хүслийг минь бадраасан сайн сургууль, сайхан багш нар, ачлалт хүмүүстэй учирсан. Дуурийн дуулаачийн мэргэжил бол хүн төрөлхтний дээд эрэмбийн урлаг юм. Алдартан суутнуудтай нэг тайзан дээр дуу хоолойгоо өргөж яваа маань аав ээж, ачит багш, нутаг усны минь ач буян. Би тайзнаа гарахдаа Монголоороо бахархаж хүч авдаг.
Үзэгч, сонсогч та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье. Би Монгол хүн болж төрснөөрөө зүйрлэшгүй их баярладаг. Миний эх орон бол амьдын диваажин.
Чингис хаан маань биднийг сүр хүч, сүлд хийморь болгон авч явдаг. Энэ эрхэм хүний алдрын одонг хүртээж байгааг надад итгэж байгаа дуусашгүй их хайр гэж хүлээн авч байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг ардын мэргэн үг бий. Монгол орон минь мөнхөд бадрах болтугай хэмээлээ.
"Чингис хаан" одон гардуулах ёслолд УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон төр, засгийн түшээд, "Чингис хаан" одонт эрхмүүд, урлаг, соёлын зүтгэлтнүүд оролцсон юм. Энэ арга хэмжээ "Халуун элгэн нутаг" дууг дуулснаар өндөрлөлөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ