Хашаа байшингаа байраар солих уу
Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр 100 хоногийн ажлаа тайлагнах үеэрээ Буянт-Ухаа II хорооллын үлдэгдэл орон сууцыг солилцооны хэлбэрээр борлуулах бодолтой байгаагаа дуулгасан билээ. Төрөөс 300 тэрбум төгрөг гаргаж байгуулсан Буянт-Ухаа I, II хорооллын үлдэгдэл байруудыг хоосон байшин хэвээр “хэвтүүлээд” тусыг үзэхгүй. Тиймээс хамгийн бодит хувилбар болох хашаа байшинг орон сууцаар солих саналыг гаргаад байна. Одоогоор Буянт-Ухаа II хороололд борлогдоогүй 2000 байр буй аж. Үүнийг хашаа байшингаар сольж, иргэдийг орон сууцжуулах гэнэ. Зөвхөн Нисэх орчмын иргэдэд ийм боломж олдох сураг ч байсан.
Гэхдээ энэ бүхний эцсийн шийдвэр гараагүй гэдгийг дуулгая. Салбарын яамнаас хотын удирдлага болон холбогдох байгууллагуудтай уулзалт хийж буй гэдгийг эх сурвалж хэлж байна. Мөн шийдвэр гаргах хурал хэзээ болох нь тодорхойгүй байгааг ч дамжуулав. Тэгэхээр хашаа байшинг орон сууцаар солино гэх мэдээлэл зөвхөн ярианы түвшинд байгаа гэдгийг уншигч танд дуулгая.
Одоогоор барилгын салбарт борлогдоогүй 32 000 орон сууц эзнээ хүлээж байна. Урьдчилгаа төлбөрийн хомсдол, ипотекийн зээлийн гацаанаас үүдэн энэ бүх хөндий хоосон байшин хэзээ эзэнтэй болох нь тодорхойгүй. Барилгын компаниудын хөрөнгөө түгжээнээс гаргах хүсэл, иргэдийн орон байр болох мөрөөдөл нэгэн цэгт давхцаж буй. Харин энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэх зөв гарц, гаргалгааг салбарын яамнаас олон хүн хүлээж, горьдож сууна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ