Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарламаар байна

img

 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах бүхий үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллаж, төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаад шүүмжлэлтэй хандаж байв.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Төрийн өмч гэдэг бол ард түмний өмч. Тиймээс олон нийтийн байгууллага, иргэдийн хяналтыг оруулах хэрэгтэй байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог хязгаарлаж өгмөөр  байна. Төр нүүрс ухсаар байгаад нүүрсний салбарыг дампууруулсан. Төр барилга барьсан. Өнөөдөр барилгын салбар дампуурч байна. Төрийн эдийн засаг дахь оролцоог таслан зогсоох цаг боллоо. Үр дагавар нь 11.3 их наяд төгрөгийн өр авлага үүссэн байна. Төр өөрөө арилжаа, эдийн засаг, бизнест оролцох хэрэггүй. Эцэст нь хариуцлага тооцох ёстой.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Бүх компаниа хувийн болгоно гэдэгтэй санал нийлдэггүй.  Манай орон жижиг. Хэрэглээний орон учир бизнесийн зах зээлийн орчин муутай. Жишээлэхэд, урд хөршид хоолны газар нь өдөр шөнөгүй хүн бужигнадаг. Гэтэл манайд үдийн цайны цагаар л хоолны газар хөл хөдөлгөөнтэй байдаг. Энэ нь бидний өнөөдрийн бизнесийн орчныг харуулж байна. Бизнес эрхлэхэд хүнд байдаг учир компаниуд төрийг шохоорхон орж ирээд сууж байна. Гэхдээ манай оронтой адил жишигтэй улс орнууд стратегийн орд дээрээ төрийн өмчтэй. Ялгаа нь тухайн компанидаа  ур чадвар, мэдлэг сайтай мэргэжилтнээ илгээдэг.  Цалин хангамж өндөртэй, төр нь анхаарч ажилладаг, хяналтын тогтолцоо сайн.  Төрийн өмчийн байж болохгүй гэдэгтэй би санал нийлэхгүй байна. Одоо л  төр арчаагүй болсон.  Жижиг зах зээлтэй оронд хувийн хэвшил хэрэггүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

“Түлш Эс Си”  компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 30 жилийн хугацаанд  концессийн гэрээгээр сайжруулахаар 2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяртай гэрээ хийж, 5 төрлийн ажил төлөвлөснөөс 4 нь барих ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр хийжээ.  Үндсэн концесийн гэрээнд удахгүй өөрчлөлт оруулаад “барих, ашиглах” болгоод 33 км төмөр замд барихаар болжээ. Төсвийн тодотголоор  нийтдээ 184 тэрбум төгрөгийг вискелээр  өгсөн байх. Дахиад 12.6 тэрбум төгрөгийг авахаар оруулж иржээ.  Одоо нийтдээ төмөр зам, авто зам барихад 28.5 тэрбум төгрөгийг өгөхөөр болж байна. Дээрээс нь эрчим хүчний шугам татах мөнгөнд 12 тэрбум төгрөг өгөхөөр явагдаж байна.  Өмнөх Засгийн үед ч, энэ Засгийн үед ч мөнгө төсөвлөөд авдаг их мундаг байгаа биз. Энэ мөнгөнийхөө нэг хэсгийг Эрчим хүчний сайдын,  нөгөө хэсгийг Зам тээврийн сайдын, дараагийн хэсгийг концессийн гэрээнд тусган тус тус багцлаад нийтдээ 350 тэрбум төгрөгийг энэ компанид өгч байна. Тэгсэн мөртлөө 5 тэрбум төгрөгийн хүүхэд харах үйлчилгээний зардалд гар татаад суучихдаг. Ийм байж болох уу. Тиймээс энэ Засгийн газар концессийн бүх гэрээг хянаж үз. Үүнийг хянаж үзэхгүй, цүнх барьж гүйдэг дарга нар олон байна. Ингээд харж байхад байнгын хорооны танхимд багтаж ядсан хүмүүс сууж байна. Үнэ тогтоосон байдлыг хяна. Тэгж байж мөнгө өгөх эсэхээ шийд.  30 жилийн хугацаанд  өөрийн хөрөнгөөр төмөрлөгийн үйлдвэрийг диваажин болгоно гэсэн компани 3.4 ам.доллараар төмөр зам барих байранд жилийн дараа төлбөрийг нь хийж байдаг тогтолцоо байж болох уу.  Төрийн өмчийн компаниуд виксел, концессийн гэрээгээ хяна.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-Төр бизнесийн салбарт ямар муу менежер вэ гэдгийг харж байна. Төрд байгаа өмч, компаниудынхаа алийг нь хувьчлах, алийг нь стратегийн ач холбогдлоор нь байлгах вэ гэдгийг хэлэлцэх хэрэгтэй. Төрийн компанийн менежментийг сайжруулах ёстой.  187 тэрбум төгрөгийн ашигтай, 11.3  их наядын алдагдалтай төрийн өмчийн компаниудыг тус тусад нь гаргаж хэлэлцэх хэрэгтэй. Бөөнд нь оруулж ирээд улстөржүүлэх хэрэггүй.

 

Ийнхүү гишүүд саналаа хэлж, уг асуудлыг нягтлан хэлэлцэхээр ажлын хэсэгт шилжүүллээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
2016-11-02