АН-ын Сонгуулийн ерөнхий менежер Д.Эрдэнэбат, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа нар орон нутгийн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат “Энэ удаагийн сонгуулиар нийслэлийн есөн дүүрэгт АН-аас 295 хүн нэр дэвшсэн. Тэднээс 98 нэр дэвшигч гурван дүүрэгт ялалт байгуулж, нийт сонгогчдын 33.2 хувийн саналыг авчээ. Улсын 330 сумын 104-т нь АН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан” гэдгийг танилцуулав.
АН нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт ялалт байгуулсан. Гэвч Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт маргаан үүсээд буй. Энэ талаар Д.Эрдэнэбат “ард түмний сонголтоор хийгдсэн сонгуулийн дүнг санаатайгаар будилаантуулах оролдлого гаргаж болохгүй. Сонгуулийг хороог удирдаж байгаа хүн хууль бус шийдвэрээр ард түмний сонголтыг өөрчилж болохгүй. Бид энэ сонгуульд нэг л зарчмыг баримталсан. Ялсан бол ялсан, ялагдсан бол ялагдсан. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр сонголтыг үгүйсгэдэг байдал ардчилсан оронд байж болохгүй. Тиймээс АН энэ асуудалд онцгой анхаарал хандуулна. МАН-ын удирдлагууд ч энэ асуудалд дүгнэлт хийх ёстой. Аль аль талдаа ялж, ялагдаж сурах хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлэв.
В.Бат
Уншиж байна |