
Монгол Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавт “2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үеэр үүрэг гүйцэтгэж яваад гэмтэж бэртсэн, гэмтсэний улмаас амиа алдаж хохирсон цагдаагийн алба хаагчид хүсэлт гаргажээ.
Тэд уг үймээнийг зохион байгуулсан Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарт холбогдох эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахыг хүссэн байна. Тэднийг шалгуулах хүсэлт гаргасан үндэслэлээ “Жагсаал цуглаан хийх журмын тухай” хуульд “Хууль бусаар зохион байгуулсан жагсаал цуглааны улмаас хүний амь нас эрүүл мэнд байгууллага, иргэдийн өмч хөрөнгөд учирсан хохирлыг тухайн жагсаал цуглааныг зохион байгуулагч хариуцах” хэмээн заасан байдаг.
Гэтэл үймээний үеэр хамгаалах техник хэрэгсэлгүй шахам нөхцөлд, цаг наргүй ажиллаж үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн олон алба хаагчид эрүүл мэндээрээ хохироод зогсохгүй, хоёр ч цагдаа амь насаа алдлаа.
Түүнчлэн үймээний улмаас эд хөрөнгөөрөө хохирсон олон иргэн, аж ахуйн нэгж байгууллага өнөөдрийг хүртэл учирсан хохирлыг хэн хэрхэн төлөхийг мэдэхгүй байна. Иймд Монгол Улсын ерөнхий прокурор энэхүү үймээнийг зохион байгуулсан Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарт холбогдох хэргийг хууль бусаар хэрэгсэхгүй болгосоныг сэргээж, мөрдөн байцаалтад шилжүүлэн, хохирсон зуу, зуун иргэдийн эрхийг сэргээн эрүүл мэндийн болон сэтгэл санааны хохирлыг барагдуулах боломжоор хангаж өгөхийг хүсье.
Хэрэв тэдний хэргийг сэргээн шалгаж өгөхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсноо мэдэгдлээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ