Швейцарийн хөгжлийн арга, туршлагаас судална

img

 

Зам, тээврийн салбар дахь Монгол-Швейцарын хамтын ажиллагааны асуудлаар Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жан-Жак Де Дарделийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын дэд бүтэц, түүний дотор тээврийн салбарт хөрөнгө оруулах, зээл санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаараа сайд уламжиллаа.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд “Хэдийгээр Швейцар нь хүн ам цөөн, далайд гарцгүй байдлаараа Монгол Улстай төстэй боловч мэдлэгийн эдийн засаг, үйлдвэрлэл, банк санхүү, үйлчилгээний худалдааг өндөр түвшинд хөгжүүлсэн тул дэлхийн тэргүүлэх эдийн засгийн нэг болсон. Монгол Улс нь ашигт малтмалын асар их баялагтай боловч боловсруулах салбар хөгжөөгүй, тээврийн дэд бүтэц сул хөгжсөн зэргээс болоод төдийлэн өгөөжийг нь бүрэн дүүрэн хүртэж чадахгүй байгаа тул хөгжлийн арга, туршлагаас судлах шаардлагатай байна” гэлээ. Тэрбээр Монгол Улс уул уурхайн салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн тээврийн сүлжээг хөгжүүлэх томоохон зорилтууд дэвшүүлж, хоёр хөрш улсаар дамжин экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байгааг Элчин сайд Жан-Жак Де Дардельд дуулгалаа.  Тухайлбал, Монгол Улс нь ОХУ, БНХАУ-тай хамтран Эдийн засгийн коридор хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нийт 32 төсөл хэрэгжүүлэхээс 13 нь тээврийн салбарын төсөлд хамаарч буй.

 

Эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай бөгөөд Засгийн газрын зүгээс шууд хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт,  хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хөгжлийн зээл, төр-хувийн хэвшлийн түншлэл гэх мэт санхүүжилтийн олон боломжит хувилбаруудыг судалж сонгоход бэлэн байгаа гэдгийг сайд Д.Ганбат хэллээ. Тиймээс төмөр зам, авто зам, логистикийн чиглэлийн төслүүдэд Швейцарын хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагууд дээрх байдлаар хамтран ажиллах боломжтой талаар дуулгасан юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ганбаа минь ээ!! Хаа байсан Швейцар яахав ээ!! Хажууд байгаа Ерээнинградын замыг харчихаад гvйгээд ир!!
2016-11-04
Зочин:
Яг судлаж харагдаач. Хэдэн гахайнууд очиж улсын мөнгөөр тансаглаж ,дэлгүүр хэсэж, амарч, хоорондоо шаалцаж байгаад л ирнэшдэээээ.
2016-11-04
irgen:
Mongold sweizariin elchin baihgui, ene medeegee sudalj bichij bai, ,,, Tegeed sudalna, hamtarna, ,,,geed l baidag oligtoi um er hiihgui baigaa shdee,,,uulzaj yarilzaj baigaa hymyys ni sweizariig medehgui hymyys yaj ch amjiltand hyreh ve dee,,,,Mash sergelen bish bol edniihees yuch olj doloohgui , hamgiin hynd helelzegchid,,,dandaa oortoo ashigtai baidlaar hiine,
2016-11-03