Эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газар “PRADO” загварын автомашинтай иргэн Д /37 настай, эрэгтэй/, О /38 настай, эмэгтэй/, Б /68 настай, эрэгтэй/, Б /65 настай, эмэгтэй/, Т /19 настай, эмэгтэй/ нарын 5 хүн Дархан-Уул аймаг руу өчигдөр 19:00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлага урьд шөнө 00:48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр өнөөдөр үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм байна.
Дархан-Уул аймгийн Орхон сумын 3-р баг Хамар даваан дээр дотроо 2 хүнтэй “X-TRAIL” загварын автомашины кроп нь эвдэрсэн, тусламж үзүүлнэ үү гэсэн дуудлага энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 02:46 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А /56 настай эмэгтэй/, Г /52 настай эрэгтэй/ нарыг аварч, эвдэрсэн автомашиныг зөөвөрлөж Дархан хотын төвд авч ирсэн байна.
Мөн Завхан аймгийн Тэс сумын Баян-Уул багийн Шонтой мөргүү гэдэг газар иргэн М-ийн “X-TRAIL” загварын улсын дугаартай автомашин цасанд суусан гэсэн дуудлага энэ сарын 5-ны 20:01 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 6 иргэнийг хөлдөж осгох эрсдлээс авран хамгаалжээ.
Иймээс иргэдийг холын замд явахдаа цаг агаарын байдлыг харж, сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ