Өнгөрсөн баасан гаригт Өвөр Монголын Өдрийн сонины “Солонго” мэдээллийн төвийн өдөрлөг боллоо. Хорин гурван жил тасралтгүй кирил монголоор хэвлэгдсэн “Солонго” сэтгүүл болон 100 дахь дугаараа хэвлэсэн “Солонго” сониноос БНХАУ, Өвөр Монголын талаар бүрэн дүүрэн, үнэн зөв мэдээлэл авдаг. Тус арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын газрын зөвлөх, дипломатч Ли Вэй, Нийслэлийн соёлын газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Г.Батсүх нарын албаны хүмүүс оролцсон юм. Энэ үеэр зохиогдсон хэлэлцүүлэгт “Гэгээ” сургуулийн захирал, доктор, профессор Д.Болдбаатар, “Хара хорум” хүрээлэнгийн УЗ-ийн гишүүн Б.Эрдэнэсанаа, МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Бадамсамбуу, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн ахлах судлаач Н.Ганчимэг нар сонирхолтой илтгэл тавьжээ. Хэлэлцүүлгээр “Солонго” хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн өнөөгийн байдал, ирээдүйн хөгжлийн тухай хэлэлцэж, оролцогчид өөрийн санаа оноогоо өгсөн байна. Түүнчлэн Нийслэлийн соёлын болон аялал жуулчлалын газрууд “Солонго” мэдээллийн төвтэй өөр өөрийн чиглэлээр цаашид хамтран ажиллах яриа хэлцэлд хүрсэн юм.
Мөн “Солонго” мэдээллийн төвийн дарга Л.Наранхүүгээр ахлуулсан хамт олныг Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо хүлээн авч уулзсан. Б.Ичинхорлоо “Солонго” мэдээллийн төвийнхөнд номын сангийнхаа ажлыг танилцуулж, цаашид хамтран ажиллах талаар нухацтай ярилцаж “Солонго” сэтгүүл болон “Солонго” сонинг номын фонддоо авч хадгалахаар болов. Харин “Солонго” мэдээллийн төвөөс 95 жилийн ой нь тохиож буй номын санд шинэ ном худалдан авахад нь зориулан мөнгөн хандив өргөжээ.
Уншиж байна |