ОУВС гаднын эх үүсвэр хайх боломж олгосон

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 оны баримтлах үндсэн чиглэлийг УИХ хэлэлцэж байна. МАН-ын бүлгээс энэ асуудалд ажлын хэсэг гаргасан. Уг ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ удаагийн мөнгөний бодлогын төсөлд ямар байр суурьтай байна вэ?
-Төв банкны зүгээс Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2017 оны үндсэн чиглэлийг хуулийн хугацаанд нь барьсан байгаа. Төв банкнаас эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гэмтэл багатайгаар даван туулах улмаар эдийн засгийн өсөлтийн суурь барометрүүдийг бий болгох зорилтыг тавьж байгаа. Ер нь эдийн засгийн хүндрэлээс гарахад дан ганц мөнгөний бодлогын орчинд өөрчлөлт хийгээд нэмэргүй. Өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого хүчин мөхөсдөнө. Тийм учраас 2017, 2018, 2019 оны дунд хугацаанд Төв банкны бодлогыг төсвийн бодлоготой маш сайн уялдуулж байж бид хямралаас хохирол багатайгаар гарна. Энэ жилийн төсвийг 18 хувийн алдагдалтайгаар баталсан. Одоо хэлэлцэж буй 2017 оны төсөвт энэ тоог 9 орчим хувьд байлгах цаашлаад шат дараатай буулгах зорилт тавьж байгаа. Төв банкны зүгээс энэ дүгнэлттэй санал нийлж байгаа. Монгол банкны бодлогын хүү одоогоор 15 хувь байгаа. Энэ бол нэлээд хатуу бодлогын шинж юм. Гэхдээ Төв банкны мөнгөний бодлогын талаар баримтлах эцсийн зорилго ингэж хатууруулах биш аль болох зөөлрүүлж бодит эдийн засгаа дэмжиж өсөлтийг бий болгохыг зорьж байгаа. Цаашид хүндрэлтэй нөхцөл байдал руу очихгүйн тулд мөнгөний бодлогын зөөлрүүлэх арга замыг хайж ажиллана. Санхүүгийн тогтвортой байдлын хувьд 95-96 хувь нь банкнаас хамааралтай байдаг. Тийм учраас банкны санхүүгийн сектор тогтвортой ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар манай банкууд харьцангуй тогтвортой байгаа. Зээлийн хүүг бууруулахыг мөн зорьж байгаа. Дан ганц банкны системээс хамааралтай эдийн засагтай учраас хүү өндөр байдаг. Тиймээс зээлийг хүүг бууруулах ажлын Төв банкнаас хийх ёстой. МАН-ын бүлгээс санхүүгийн зах зээлийн банкны төвлөрлөөс хамаарсан эрсдлийг бууруулж банкнаас бусад хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг түлхүү хөгжүүлэх заалтыг хуулинд тусгах гэж байгаа.
-ОУВС-гийнхан манайд таатай нөхцөл тавилаа гэж байсан. Энэ талаар?
-ОУВС-гийн техикийн багийнхан ирээд хоёр долоо хоног ажиллаад явлаа. Өмнө нь ОУВС-гийнхан өөрсдийнхөө маркетинг, нөхцөлийг тулгадаг байсан. Одоо бол биднийг өөрсдийн нөхцөл байдлаа хэр ойлгож байна, энэ хүндрэлээс яаж гарахыг зорьж байна, төсөв, мөнгөний бодлого дээрээ ямар арга зам авахаар бэлэн байна гэдгийг илүүтэй сонсож байна. Бидний санал дээр үндэслэж өөрсдийнхөө арга хэмжээг авахыг зорьж байна. Сая ирээд ОУВС-гийн ажлын хэсгийнхэн ирээд явахдаа манайх саналаа тавьсан. Тэд “ОУВС-гаас дангаараа хөнгөлөлттэй зээл, санхүүжилт өгөөд хямралаас гарахгүй. Та нар өөрсдөө бас хичээж зүтгэ. ОУВС-гаас өгөх зээлтэй хамт гаднын эх үүсвэр нэмж олж ир” гэсэн боломжийг олгосон. Тиймээс хөнгөлөлттэй, таатай нөхцөл гэдэг нь энэ юм.
-Тэгэхээр “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас гадна бусад орнуудаас зээл авч болно гэсэн үг үү?
-“Стэнд бай” хөтөлбөрийн хувьд арилжааны зээлүүдээс агуулгын хувьд өөр. “Стэнд бай” бол хөнгөлөлттэй, богино хугацаатай, бодлогын нөхцөлтэй байдаг. Бусад арилжааны зээл урт хугацаатай, бага хүүтэй. Миний хувьд эхний хоёр жилийн хугацаанд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад төсөв дээрээ сахилга баттай, дэгтэй болох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ хугацаанд манай макро эдийн засаг сайжрах боломж гарах байх. Энэ хооронд бид урт хугацаатай, бага хүүтэй арилжааны зээлд хамрагдах нөхцөлөө сайжруулах хэрэгтэй. Одоо ОУВС болон судлахаас гадна бусад улс орнуудтай хөнгөлөлттэй зээл авах хэлэлцээр хийгдэж байна. Хэлэлцээрүүд амжилттай болвол дээрх байдлаар хэрэгжүүлээд явах боломжтой гэсэн хүлээлттэй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ